Авто спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Формула-1 уралдааны 2025 оны улирлын сүүлийн гараа өчигдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр Абу Даби хотод болж өндөрлөлөө. Аваргын цолыг хэн хүртэх нь шийдэгдэх эгзэгтэй мөчүүдээр дүүрэн болсон тус гараанд “Ред Булл” багийн нисгэгч Макс Ферстаппен тэргүүн байрыг эзэлсэн хэдий ч, нийлбэр дүнгээр “Макларен” багийн нисгэгч Ландо Норрис дэлхийн аваргаар тодорлоо.
Ландо Норрис энэ удаагийн уралдаанд гуравдугаар байрт шалгарсан нь түүнд аваргын цолыг авчрахад хангалттай байсан юм. Ийнхүү “Макларен” баг 17 жилийн урт завсарлагааны дараа дахин дэлхийн аварга нисгэгчтэй болж байгаа бол, Ландо Норрис Формула-1 уралдааны түүхэн дэх дэлхийн аварга болсон Их Британийн 11 дэх нисгэгчээр бүртгэгдлээ.
Сүүлийн дөрвөн жил дараалан дэлхийн аваргын цолыг эзэмшиж, авто спортод ноёрхлоо тогтоогоод байсан Макс Ферстаппен энэ улиралд ердөө хоёрхон онооны зөрүүтэйгээр аваргын титмээ алдлаа. Тэрээр 1,457 хоногийн турш эзэмшсэн “Дэлхийн аварга” хэмээх эрхэм алдраа Ландо Норрист шилжүүлэн өгч байна.
Дэлхийн шинэ аварга Ландо Норрис улирлын сүүлийн гарааны эцсийн тойрог дууссаны дараа багийн дотоод холбоогоор сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн юм.
Ландо Норрис багийнхандаа хандан хэлэхдээ:
“Баярлалаа залуусаа. Та нар миний мөрөөдлийг биелүүллээ. Та нартаа баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Та нар үүнийг хүртэх эрхтэй. Ээж, аав хоёртоо хайртай шүү. Бүгдэд нь баярлалаа. Би уйлаагүй шүү” гэжээ.
2025 оны Формула-1 уралдааны нисгэгчдийн эцсийн дүн:
Улирлын нийлбэр дүнгээр нисгэгчдийн амжилт дараах байдлаар шийдэгдлээ:
- Ландо Норрис (Макларен) – 423 оноо
- Макс Ферстаппен (Ред Булл) – 421 оноо
- Оскар Пиастри (Макларен) – 410 оноо
Тэмцээний дараа Макс Ферстаппен ялагдлаа нэр төртэйгөөр хүлээн зөвшөөрч, багийн хамт олондоо талархал илэрхийлсэн байна.
Макс Ферстаппен хэлэхдээ:
“Баяр хүргэе залуусаа. Улирлын хоёрдугаар хагаст хийсэн зүйлээрээ би үнэхээр бахархах хэрэгтэй шүү. Битгий гутраарай. Би үнэхээр гутрахгүй байна. Бууж өгөөгүй та бүхэндээ баярлалаа” хэмээн онцолжээ.
Энэхүү ялалт нь зөвхөн Ландо Норрисын хувийн амжилт бус, “Макларен” багийн хувьд сэргэн мандалтын бэлгэ тэмдэг болж, Формула-1 уралдааны түүхэнд шинэ хуудсыг нээлээ.





