Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) нь “Сайн үйлсийн аян”-г дэмжих хүрээнд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран нэр хүндтэй 256 бөхчүүдийн барилдааныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү барилдааны нийт орлого, үзэгчдийн өргөл, бөхчүүдийн шагналын мөнгө, мөн жаяг дэгийн багийнхны хөлсийг бүгдийг нь “Эх хүүхдийн төлөөх хандив” болгон төвлөрүүлсэн. Уг арга хэмжээний азтай үзэгч мөн автомашинаар шагнуулсан юм.
Хандивын зорилго ба бяцхан зүрхтэн
Уг хандиваар цугларсан хөрөнгийг 21 аймаг, 330 гаруй сумын хүүхдүүдийн мэс заслын эмчилгээг ЭХЭМҮТ-өөс удирдан чиглүүлэх алсын зайн эмчилгээний тоног төхөөрөмж авахад зарцуулах чухал зорилготой.
Энэхүү сайн үйлсийн аянд “Энхбаян хүүхэд сан”-гийн үүсгэн байгуулагч, ердөө 15 настай тэргүүн Л.Энхбаян нэгдэн оржээ. Тэрээр хоёр сая төгрөг болон 2000 ширхэг амны хаалтыг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт албан ёсоор гардуулсан байна. МҮБХ-ноос бяцхан хандивлагчид талархал илэрхийлж, дурсгалын зүйлсээр шагналаа.
Сүмогийн тамирчин бөхчүүдийг байллаа
Япон улсын мэргэжлийн Сүмо бөхийн “макүшита” зиндаанд барилдаж байсан туршлагатай тамирчин Н.Аюурзана тус барилдааны шөвгөрсөн бөхчүүдийг ивээн тэтгэж, “ORIHIRO” брэндийн өндөр чанартай витаминаар байлсан. Сонирхуулахад, сүмоч Н.Аюурзана нь өмнө нь буюу 2020 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын эмнэлэгт иж бүрэн эмнэлгийн тоноглолтой шинэ авто машин бэлэглэж байсан буянтай нэгэн юм.





