Талибаны Ёс Суртахууны Газраас Гэнэтийн Арга Хэмжээ Авав
Талибаны засгийн газрын Ёс суртахуун, ариун уламжлалын газар алдарт телевизийн цуврал болох “Peaky Blinders”-ийн баатруудтай ижил хэв маягаар хувцасласан дөрвөн афган залууд анхааруулга өгч, засан хүмүүжүүлэх арга хэмжээ авсныг тус улсын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Талибаны төлөөлөгчийн хэлснээр, энэхүү цуврал нь Афганистаны соёлд харш бөгөөд Исламын шашны үнэт зүйлстэй зөрчилдөж байгаа тул ийм алхам хийхэд хүрсэн аж.
Дэлхийн нэгдүгээр дайны дараа Англид болсон үйл явдлыг өгүүлдэг “Peaky Blinders” цувралын гол баатруудтай төстэй хэв маягаар хувцасласан хорь гаруй насны эдгээр залуусын дүрс бичлэгүүд саяхан интернэтэд эрчимтэй тархсан юм. Тэд Афганистаны Херат мужийн Жибраил хотын оршин суугчид аж.
Байцаалт ба “Засан Хүмүүжүүлэх” Хөтөлбөр
Талибаны Ёс суртахууны цагдаагийн албаныхан эдгээр залууст Ням гарагт зарлан дуудах мэдэгдэл хүргүүлжээ. Маргааш нь залуус мужийн төв болох Херат хотод ирж, байцаалт өгсөн байна.
Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ:
- Тэднийг баривчлаагүй, харин зөвлөгөө өгч, “засан хүмүүжүүлэх” хөтөлбөрт хамруулсан.
- Үүний дараа буцаан явуулсан гэжээ.
Тэрээр тус улсын соёлын үнэт зүйлсийн талаар онцлон:
“Бид өөрийн соёлын болон шашны үнэт зүйлстэй улс. Ялангуяа хувцасны хувьд бидэнд өвөрмөц уламжлалт хэв маяг бий” гэж ярьсан байна.
Сүүлд Талибаны засгийн газар дээрх залуус зөвлөгөө өгсөн албан тушаалтнуудад талархал илэрхийлж, буруу зүйл хийснээ ухаарснаа ярьж буй дүрс бичлэгийг тараажээ.
Гэсэн хэдий ч, тэд байцаалт өгөхөөсөө өмнө буюу арваннэгдүгээр сарын сүүлээр Herat-Mic нэртэй YouTube сувагт өгсөн ярилцлагадаа өөрсдийнх нь хэв маягийг маш олон хүн таашааж, гудамжинд тааралдсан хүмүүс хамт зургаа авхуулж байгаа тухай өгүүлж байсан юм.





