-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Time 2025 оны хүн: Хүн биш, “Хиймэл Оюуны Архитекторууд”

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хувь хүн биш, шинэ эрин бүтээсэн “бүлэг хүмүүс” сонгогдов

Time сэтгүүл энэ Пүрэв гарагт уламжлал ёсоороо 2025 оны “оны хүн”-ээ зарлахдаа энэ удаа тодорхой нэг хүнийг бус, тодорхой нэг бүлэг хүмүүсийг нэрлэж, анхаарлын төвд орууллаа.

Сэтгүүл “Architects of AI” буюу монголчилбол “Хиймэл Оюуны Архитекторууд” хэмээх ерөнхий нэр томъёог 2025 оны хүнээр сонгосноо мэдэгдэв. Ингэснээр хиймэл оюуны технологийг бүтээж, чиглүүлж, тэлж буй инженер, судлаач, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчид гэх мэт олон салбарын төлөөллийг нэг дор багцалж, “энэ жилийн хамгийн нөлөө бүхий хүмүүс” хэмээн нэрлэсэн байна.

Time сэтгүүл 2025 оныг хиймэл оюун ухаан “хийсвэр ойлголт” байхаа больж, бодит амьдрал дээр нүдэнд харагдахаар түвшинд хүрсэн, технологийн хөгжлөөс буцах боломжгүй болсон “эргэх боломжгүй цэг” гэж тодорхойлжээ.

“Сэтгэгч машинуудын эрин үеийг авчирч, хүн төрөлхтнийг гайхшируулж, түгшээж, одоо цагийг өөрчилж, боломжоос давсан зүйл хийснийхээ төлөө хиймэл оюуны архитекторууд Time сэтгүүлийн 2025 оны хүн болж байна” гэж сэтгүүлийн редакц албан ёсны сошиал хуудсандаа бичжээ.

Time энэ удаа “машин” бус, “машины ард байгаа хүмүүсийг” сонголоо

Time сэтгүүл өмнө нь “оны хүн”-ээр амьд хүнээс өөр зүйлүүдийг нэрлэж байсан түүхтэй. Гэсэн ч энэ удаад хиймэл оюун ухааныг өөрийг нь биш, харин түүнийг төсөөлж, төлөвлөж, бүтээж, хөгжүүлж буй хүмүүсийг онцлон сонгосноо тайлбарласан байна.

Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Сэм Жэкобсын хэлснээр, Time-ийн уламжлал нь зөвхөн ганц хүнийг бус, заримдаа бүлэг хүмүүсийг, ховор тохиолдолд бүр нэгэн ойлголт, үзэгдлийг “оны хүн” болгон тодруулах боломжийг нээлттэй үлдээдэг.

Тэр “Бид зөвхөн хувь хүмүүсийг биш, хэсэг бүлэг хүмүүсийг, ховор тохиолдолд ямар нэг ойлголтыг нэрлэж байсан түүхтэй. Тухайлбал 1988 онд устах аюулд ойрхон байгаа дэлхийг, 1982 онд персонал компьютерыг оны хүнээр нэрлэж байв” гэж Time сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Сэм Жэкобс мэдээлжээ.

Мөн түүхэн нэг жишээг дурьдахдаа “Apple-ийн Стив Жобсын оронд түүний зохион бүтээсэн компьютерыг сонгосон явдал сүүлд ном зохиол, киноны сэдэв хүртэл болж байв” гэж тэр цааш нь ярьсан байна.

Хиймэл оюуны салбарын “супер нэрс” нэр дэвшигчдийн жагсаалтад багтав

Энэ жилийн сонголт гарч ирэхээс өмнө Time сэтгүүлийн “оны хүн”-ий жагсаалтад хиймэл оюуны салбарын томоохон тоглогчид болох Nvidia компанийн удирдагч Женсен Хуан, OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн нарын нэрс багтаж байжээ.

Мөн технологиос гадна дэлхийн улс төр, шашин, хотын бодлогын томоохон тоглогчид ч нэр дэвшигчдийн дунд байсан байна. Үүнд Ромын католик сүмийн анхны америк Пап Лео, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Нью Йорк хотын шинэ дарга Зохран Мамдани зэрэг нэрс яригдаж байв.

Түүхэн уламжлал: Линбергээс Тэйлор Свифт хүртэл

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа ялалт байгуулсан Дональд Трамп 2024 оны хүнээр тодорч байсан бол түүнээс өмнө 2023 оны хүнээр Америкийн поп од Тэйлор Свифт нэрлэгдэж байжээ.

Time сэтгүүл 1927 оноос хойш “оны хүн”-ийг жил бүр тасралтгүй тодруулж ирсэн. Сэтгүүлийн редакц тухайн сонголтоо “заавал сайн эсвэл муу” гэж дүгнэдэггүй, харин өнгөрсөн 12 сарын хугацаанд дэлхий дахинд хамгийн их нөлөө үзүүлж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн ярианы төвд байж чадсан хүн, бүлэг, эсвэл ухагдахууныг нэрлэдэг уламжлалтай.

2025 онд тэдний энэ шалгуурыг нэг хүний бус, харин хиймэл оюун ухааныг бүтээж, түүнтэй ирээдүйгээ холбож байгаа “Хиймэл Оюуны Архитекторууд” хэмээх шинэ үеийн төлөөлөл хангажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here