Монголын хөлбөмбөгийн холбооны ээлжит бус хурал болж, ерөнхийлөгчөөрөө УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгосон. Үүний дараа Монголын хөлбөмбөгийн лигийн эмэгтэй тоглогчид, түүний дотор найман багийн гишүүд бүгд Ц.Анандбазарыг огцрохыг шаардаж, өнөөдрөөс тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тэдний мэдэгдэлд дурдсанаар, Монголын хөлбөмбөгийн холбооны зарим удирдлага өмнө нь эмэгтэй шигшээ багийн гишүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн асуудал гарч байсан бөгөөд Ц.Анандбазарыг дахин сонгосноор энэ байдал дахин давтагдах эрсдэл үүснэ гэж үзэж байна. Түүнчлэн, ирээдүйд бэлтгэгдэх эмэгтэй хөлбөмбөгчид ч айж байгаа талаар байр сууриа илэрхийллээ.
Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч н.Сарангэрэл “Ц.Анандбазар гэдэг хүн нийгэмд ямар нэр хүндтэй билээ, шалтгаан нөхцөл нь эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлсэн асуудалд холбогдсон” гэдгийг онцолсон бөгөөд ийм хүнийг Монголын хөлбөмбөгийн холбоог удирдах ёсгүй хэмээн мэдэгдлээ.
Эмэгтэй лигийн тамирчид болон ивээн тэтгэгч байгууллагууд ч энэ шийдвэрийг эсэргүүцэж, тоглолтод оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэд, “Үнэн ялаасай, шударга байгаасай” гэж хүсэж байгаа бөгөөд өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд тэмцэж байгаагаа тодотгосон.
Хөлбөмбөгийн холбооны дотоод засаглалд гарсан энэ асуудал нь Монголын эмэгтэй хөлбөмбөгийн тоглогчид болон тэдний эрх ашгийг хамгаалах тэмцлийн эхлэл болж байна.