Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрлөөр ашиглав
Арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл манай орны ихэнх хэсэгт өдрийн хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна. Гэвч 18-наас эхлэн, ялангуяа 19-ний орчмоос ихэнх нутгаар жавар дахин чангарч, өвлийн жинхэнэ хүйтэн мэдрэгдэнэ гэж цаг уурчид урьдчилан тооцоолжээ.
2025.12.12–22-ны хоорондын нийтлэг төлөв
Ирэх 10 хоногт хур тунадас, салхины хэлбэлзэлтэй, хүйтний богинохон суларлын дараа дахин чангарсан өвлийн жавартай өдрүүд үргэлжилнэ. Эхний хагаст өдрийн температур арай “амьсгаа авах” боломж олгох бол сүүлийн хагаст багагүй ширүүсэх дүр зураг харагдаж байна.
Хур тунадасны хувьд 12-нд говийн нутгийн олон хэсэгт, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсээр, 17-нд Монгол-Алтайн нуруу болон Увс нуурын хотгор орчмоор цас орох төлөвтэй. 18-нд баруун, төвийн аймгуудын зарим сумдын уулархаг хэсэг, мөн зүүн аймгуудын хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын хэсэгчилсэн нутагт, 21-нд зүүн аймгуудын зарим газарт цас орж, зарим үед нь цасан шуурга дагалдана.
Салхи: зарим бүсэд шуурга дагуулан ширүүснэ
Ихэнх өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр салхи секундэд 5–10 метр орчим байх ч зарим хугацаанд мэдэгдэхүйц ширүүснэ. Тухайлбал, 17-нд Алтайн уулархаг хэсгээр, 18-нд улсын зарим нутгаар, 20-нд өмнөд аймгуудын хээр, говийн бүсэд салхи секундэд 13–15 метр хүрч хүчтэй үлээнэ. Ийм үед цасан болон шороон шуурга үзэгдэж, зам, тээврийн нөхцөл хүндрэх эрсдэлтэй байна.
Агаарын температур: 17-ныг хүртэл өдөр нь арай “амьсгаа авах” боломжтой
Арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг хүртэл өдрийн хүйтний эрч олон нутгаар арай бага зэрэг буурна. Гэсэн ч шөнийн жавар хэвээрээ гүнзгий байна.
Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор, Идэр, Тэсийн голын хөндийг дагуу шөнөдөө -32…-37 градус хүрч, өдөр нь -20…-25 градусын хүйтэн үргэлжилнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс болон Туул, Тэрэлжийн голын хөндий дагуу шөнөдөө -27…-32, өдөртөө -11…-16 градус орчим хүйтэн байна.
Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө -7…-12 градусын хүйтэн ажиглагдах бөгөөд өдөр нь 0-ээс -5 градусын хооронд хэлбэлзэж, бусад нутгаас харьцангуй дулаан байна. Бусад аймаг, сумдын нутаг дэвсгэрт шөнөдөө -16…-21, өдөртөө -7…-12 градусын хүйтэн ноёлно.
18-нд эхлээд баруун аймгуудын нутгаар, түүнээс цааш бараг бүх аймагт хүйтний эрч нэмэгдэж, жавар улам чангарч эхлэхээр байна.
Улаанбаатар орчмын 10 хоногийн урьдчилсан төлөв
Нийслэл хот болон ойр орчмын хувьд ч дээрх ерөнхий дүр зурагнаас их ялгаагүй хандлага ажиглагдана. Арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар орчимд цас орж, явган шуурга болж болзошгүй байна.
Салхи ихэнх өдрүүдэд секундэд 4–9 метрийн хооронд байна. 18-нд салхи баруун өмнөөс хойш чиглэлээ өөрчилж, секундэд 7–12 метр хүртэл ширүүсэх төлөвтэй.
Температурын хувьд 17-ныг хүртэл өдрийн хүйтний эрч бага зэрэг суларч, Яармаг–Сонгины нуурын орчмоор шөнөдөө -24…-29, бусад хэсгээр -20…-25 градусын хүйтэн үргэлжилнэ. Өдрийн турш ихэнхдээ -7…-12 градусын хүйтэн байх төлөвтэй. Харин 19-нөөс эхлэн өдрийн хэм дахин буурч, жавар хот орчимд мэдэгдэхүйц чангарахыг анхааруулж байна.





