Оюутолгойн сонсголын үеэр болсон хэрэг шүүхээр шийдэгдэв
Төрийн ордонд зохион байгуулагдсан Оюутолгойн сонсголын үеэр сэтгүүлчийн нүүр рүү нулимсан иргэн Ц.О-д 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Шүүх 2025 оны 12 сарын 18-нд хэргийг хэлэлцжээ
Шүүхийн шийдвэрт дурдсанаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах саналтайгаар холбогдогч Ц.О-д хамаарах 2509003337 дугаартай хэргийг тус шүүхэд ирүүлсэн байна. Улмаар шүүх 2025 оны 12 сарын 18-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцжээ.
Үйл баримт: 12 сарын 10-нд Төрийн ордонд нулимж, халдсан гэж тогтоов
Зөрчлийн хэргийн материалаас үзвэл 2025 оны 12 сарын 10-ны өдөр Ц.О нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Төрийн ордон дотор сэтгүүлчийн нүүр лүү нулимж, биед нь халдсан үйл баримт болсон гэжээ.
Хуулийн заалт, нотлох баримт, шийдвэрийн үндэслэл
Шүүхийн шийдвэрт Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж”, мөн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон” гэж заасан талаар дурдсан байна.
Мөн уг үйл баримт нь livie-Төдэй нэртэй фэйсбүүкт хайлт хийж үзлэг хийсэн тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч болон холбогдогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзжээ. Үүний үндсэн дээр Ц.О-д Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 100 000 төгрөгөөр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.





