Дулаан зогсоолын талаар иргэдээс гомдол иржээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны буудлуудад дулаан зогсоолыг хоёр жилийн өмнөөс байршуулж эхэлсэн. Гэвч зарим хорооны нутаг дэвсгэр дэх автобусны буудлын дулаан зогсоолын лэд самбарт хятад хэл дээр мэдээлэл гарч байна гэсэн гомдол иргэдээс ирсэн байна.
НТБГ: Үйлдвэрлэгчийн заавар тул ашиглалтад авсны дараа тохируулна
Энэ асуудлаар НТБГ-ын зогсоолын төлөвлөлт, сүлжээний инженер Б.Энэбиш иргэний гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах автобусны буудал дээр очиж ажилласан талаар тайлбар өгчээ.
Б.Энэбиш “Иргэний гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр ирлээ. Тус буудлын дулаан зогсоолыг дүүргийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.
Дулаан зогсоолын лэд самбар дээр хятад үсгээр гарч байгаа мэдээлэл нь үйлдвэрлэгчтэй холбоотой, лэд самбарыг ажиллуулах заавар. Дулаан зогсоолыг байнгын ашиглалтад хүлээж авсны дараа тохиргоо хийж лэд самбар дээр зогсоолын мэдээлэл монгол хэлээр гарах болно. Хороо, дүүрэг зогсоолын цэвэрлэгээ үйлчилгээг хариуцдаг” хэмээн тайлбарлав.
Нэг дулаан зогсоолын зардал 100 орчим сая төгрөгийн түвшинд байна
tender.gov.mn-ийн мэдээллээр нийтийн тээврийн автобусны буудал дээр дулаан зогсоол байгуулахад 100 орчим сая төгрөг зарцуулдаг гэж байна.





