Ливийн армийн Жанжин штабын дарга, хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад болон түүнтэй хамт зорчиж явсан нийт таван хүн сууж явсан нисэх онгоцны ослын шалтгааныг албан ёсоор мөрдөн шалгаж эхэлснийг Туркийн Хуульзүйн сайд Йылмаз Тунч мэдэгдлээ. Түүний хэлснээр, Ерөнхий прокурорын орлогчийн удирдлага дор дөрвөн прокуророос бүрдсэн мөрдөн шалгах баг байгуулан ажиллуулж байна.
Falcon 50 онгоц радарын дэлгэцнээс алга болж, уулын бүсэд сүйрчээ
Ослын мэдээллээр, өчигдөр орой 20:10 цагт Туркийн нийслэл Анкара хотын Эсенбога нисэх онгоцны буудлаас Falcon 50 загварын жижиг нисэх онгоц хөөрсөн ч 20:52 цагт радарын дэлгэцнээс алга болсон байна. Үүний дараа онгоц Анкара хотоос өмнө зүгт 70 км-ийн зайд орших Хайман дүүргийн Кессиккавак тосгоны нутаг дэвсгэрт, уулархаг бүсэд осолдон сүйрснийг тогтоожээ. Байршил тодорхой болмогц цагдаа, гал сөнөөгч, эмч нарын бүрэлдэхүүнтэй багууд ослын газарт ажиллахаар хөдөлсөн байна.
Ливи гурван хоногийн гашуудал зарлаж, баярын арга хэмжээнүүдээ цуцлав
Хурандаа генерал Мухаммед Али Аль-Хаддад болон түүнийг дагалдан явсан төлөөлөгчид онгоцны ослоор амь үрэгдсэнтэй холбогдуулан Ливийн засгийн газар улс даяар гурван хоногийн гашуудал зарласан талаар мэдээллээ. Энэ хугацаанд төрийн далбааг бөхийлгөхөөс гадна албан ёсны болон баяр ёслолын бүх арга хэмжээг цуцлахаар болсон байна. Тус улс 24-25-ны өдрүүдэд Италийн ноёрхлоос чөлөөлөгдөж, Тусгаар тогтнолоо зарласны 74 жилийн ойг тэмдэглэхээр төлөвлөж байжээ.
Ерөнхий сайд Абдулхамид Дибейбе хэлэхдээ “энэхүү осол нь манай улс, зэвсэгт хүчин, бүх ливичүүдийн хувьд хүнд гарз хохирол боллоо. Эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэж, хариуцлага, сахилга батын үлгэр жишээг үзүүлж байсан хүмүүсээ бид алдлаа” гэв.





