Засгийн газар 2003 оны 42-р тогтоолын хавсралтыг шинэчлэх төслийг дэмжив
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 12 дугаар сарын 24-ний хуралдаанаар Баян-Өлгий, Сүхбаатар аймгийн нутагт хамаарах газар зүйн нэрийг өөрчлөх, мөн уламжлалт нэрүүдийг нэмж батлуулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Үүний хүрээнд Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг батлуулах бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
Монгол хэлний эрх зүйн зохицуулалттай нийцүүлж зөрчлийг засна
Монгол Улсын Үндсэн хуулийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасан. Мөн Монгол хэлний тухай хуулийн 6.1.7-д газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам, талбай зэрэг нэршлийг монгол хэлээр хөтлөн явуулахыг тусгасан байдаг.
Гэвч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын судалгаагаар зарим газар зүйн нэрийг монгол хэлнээс өөр хэлээр (орос, казак, тува зэрэг) нэрлэж баталсан, мөн багийн нэрийг казах хэлээр батлуулсан зэрэг зөрчил илэрсэн гэж мэдээлжээ.
319 нэрийн монгол оноосон хувилбарыг судалгаагаар тогтоожээ
Энэ асуудалтай уялдуулан Шинжлэх ухааны академи, Хэлний бодлогын үндэсний зөвлөл болон бусад байгууллагуудтай хамтран 2023 онд судалгаа хийж, монгол хэлнээс өөр хэл дээр нэрлэгдэн батлагдсан 319 газар зүйн нэрийн монгол оноосон нэрийг хээрийн болон суурин судалгаагаар тогтоосон байна.
Шинэчлэн хэрэглэхээр тусгасан нэршлийн жишээ
Төсөлд зарим нэрийг монголчилж хэрэглэх жишээг дурдсан байна. Тухайлбал Потанины мөсөн гол гэснийг Хүйтэний мөсөн гол гэж, Жолт уул гэснийг Ёлт уул гэж, Чихачёвын нуруу гэснийг Сийлхэмийн нуруу гэж нэрлэхээр тусгасан байна.
Баян-Өлгий, Сүхбаатар аймагт шинэ нэр батлуулах хэмжээ том байна
Баян-Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны мөсөн бүрхүүл бүхий зарим уул, оргил, толгой (“Доод хоног толгой”, “Суварга оргил”, “Бүргэд оргил”, “Наран оргил”, “Өлгий оргил”, “Хар Ямаат уул” зэрэг) нь олон жил хэрэглээнд байсан ч албан ёсоор батлагдаагүй 47 газар зүйн нэрийг хээрийн судалгаагаар илрүүлсэн гэж мэдээлэв.
Харин Сүхбаатар аймгийн хувьд 13 сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг 2021-2022 онд хэрэгжүүлэхэд 1:100000-ны байр зүйн зураг дээр тэмдэглэгдэж өнөөдөр хүртэл ашиглагдаж буй боловч УИХ-аар батлагдаагүй 940 нэр, 2021-2022 онд шинээр тогтоосон уламжлалт 1080 нэр, мөн 2003 оны 42 дугаар тогтоолоор үг, үсгийн зөрүүтэй болон хэл бичгийн дүрмийн алдаатай батлагдсан 45 нэр байгааг тогтоосон байна.
364 нэрийг засварлаж, 2,067 нэрийг нэмэхээр төлөвлөжээ
УИХ-ын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан 364 нэрэнд өөрчлөлт оруулахаар, мөн нэмэлт 2,067 газар зүйн нэрийг шинээр батлуулах зорилт тавьсан байна.
Соёлын биет бус өв, хууль эрх зүйн олон зохицуулалтаар хамгаална
Газар зүйн нэрийн асуудлыг Геодези, зураг зүйн тухай хууль, Газрын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль зэрэг нийт 11 хуулиар зохицуулдаг. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар газар зүйн нэр нь соёлын биет бус өвд хамаардаг бөгөөд Монгол Улс 2005 онд нэгдэн орсон ЮНЕСКО-ийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн дагуу газар зүйн нэрийг хамгаалах, монгол хэлээр тэмдэглэгдсэн нэршлийг өвлүүлэн ашиглуулах үүрэгтэй гэж мэдээлжээ.






