Үндэсний баярын өдөрт давхцсан гавьяат тамирчны цол
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ойтой давхцуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль, цол хүндэтгэлийг гардууллаа. Энэ удаагийн шагнагдсан хүмүүсийн дунд холимог тулааны мэргэжлийн тамирчин, Shandas MMA клубын тамирчин Баатархүүгийн Энх-Оргил Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаав.
ONE Championship-д Монголын хоёр дахь дэлхийн аварга
Б.Энх-Оргил нь “One Championship” холбооны холимог тулааны ангилалд аваргын бүс зүүсэн Монголын хоёр дахь тулаанч болсон. Тэрээр 68.3 кг-ын жинд түрүүлснээр тус жинд аваргалсан гурав дахь ази тивийн төлөөлөл, нийтдээ зургаа дахь тамирчин болж, дээд түвшний статистикт нэрээ бичүүлэв.
2025 оныг ялалтаар нээж, дэлхийн аварга, гавьяат цол хоёрыг нэг онд хүртэв
Б.Энх-Оргил шагнал гардуулах ёслолын үеэр сэтгэгдлээ илэрхийлэхдээ:
“Ийм сайхан туурга тусгаар улсын иргэний хувьд энэ түүхэн өдөр төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж байгаадаа туйлын баяртай байна. 11 жилийн өмнөх багшийнхаа амжилтыг үргэлжлүүлсэндээ баяртай байгаа.
2025 оны нэгдүгээр сарын 6-нд тулаанаа ялалтаар эхлүүлж байсан бол оны төгсгөлийг мөн ялалтаар өндөрлөж Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг авч мөн Гавьяат тамирчин боллоо.
Түүнчлэн Степпелинк холдинг компанийн Ерөнхий захирал Ц.Мөнхтүвшин захирал спортын заал өмчилж өгөхөөр болсон. Энэ нь надад өгч байгаа том бэлгээс гадна монгол хүмүүсийн эрүүл мэндэд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж харж байгаа.
2026 онд хоёр тулаан хийх зорилт тавьсан байгаа. Бүсээ хамгаалахын тулд хүч хөдөлмөр гаргах болно” гэв.
Ийнхүү тэрээр 2025 оныг ялалтаар эхлүүлж, оны төгсгөлд дэлхийн аваргын бүс, Гавьяат тамирчин цол хоёрыг зэрэг хүртсэн нь Монголын холимог тулааны түүхэнд онцгой хуудсыг нэмж байна.






Монгол тамирчин дэлхийн аварга болсонд үнэхээр баяртай байна