Маргааш буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний 21:00 цагт Сүхбаатарын талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт болно.
Спорт, урлагийн салбарын нэртэй зочид тайзнаа гарна
Зохион байгуулагчдын мэдээлснээр уг арга хэмжээнд 2025 оны 3×3 Дэлхийн аваргын мөнгөн медальт Монгол Улсын 3х3 эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцоно. Мөн ой тогтоолтын Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Оюуны Олимпын аварга, Гиннесийн рекорд эзэмшигч, Олон улсын их мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар хүрэлцэн ирэхээр болжээ.
Тайзнаа 2015 оны UBS телевизийн “My Voice” тэмцээний шилдэг оролцогч, 2025 оны “Silkway star” олон улсын тэмцээний Гран-При, Алтан гадас одонт дуучин Иозеф Червенка Мишээл оролцох юм байна. Түүнчлэн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн гишүүн, “One Championship” холбооны аваргын бүс эзэмшигч, холимог тулаанч, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Энх-Оргил, мөн Netflix-ийн Physical Asia шоунд Монгол Улсаа төлөөлсөн “Алдар” спорт хороо, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн нар оролцоно.





