2-р гараа Янбугаас Аль-Ула хүртэл 504 км-т өрнөв
Саудын Арабт үргэлжилж буй 48 дахь удаагийн “Дакар ралли”-гийн хоёрдугаар гараа өчигдөр Янбугаас Аль-Ула хот руу нийт 504 км замд боллоо. Энэ өдрийн нийт маршрутын 400 км-т уралдааны цаг тооцсон байна.
“Тал нутгаас Дакарт” төслийн тамирчин Э.Халиунболд 4 цаг 45 минут 44 секундийн амжилтаар нийлбэр дүнгээр 33-аас 26 дугаар байр руу ахиж, “Ралли-2” ангилалдаа 13 дугаарт жагсаж байна.
Э.Халиунболд: “Чулуу ихтэй, элс харьцангуй бага, зам нэлээд чанга байна”
Тэрбээр уралдааны дараа ярихдаа “Чулуу ихтэй, элс харьцангуй бага, зам нэлээд чанга байна. 101 дэх км-ээс дэлгэц ажиллагаагүй болоод унтарчихсан. Түүнээс болж бага зэрэг цаг алдлаа. Сүүлийн 200 км-т жигд явахыг хичээсэн. Дараагийн уралдаандаа илүү сайн уралдахыг хичээх болно” гэв.
3 дахь өдөр 666 км: илүү хурднаас илүү “ухаан, чиг баримжаа”-ны сорилт
Өнөөдөр “Дакар ралли”-гийн гурав дахь өдрийн нийт зам 666 км бөгөөд үүнээс уралдааны цаг тооцох хэсэг нь 422 км байх аж. Маршрутын гадаргуугийн бүтэц дараах хувиар төлөвлөгджээ.
Хайрга 58 хувь
Элс 30 хувь
Хадархаг гадаргуу 12 хувь
Гуравдугаар шат нь хурдны уралдаан гэхээсээ илүү ухаан, чиг баримжаа, тэсвэр тэвчээрийн шалгуур гэж мэдээлэлд онцолсон байна. Аль-Ула хотын хатуу ширүүн, хувьсамтгай байгалийн нөхцөлд тамирчид шинэ сорилттой нүүр тулна.





