Нээлтийн ёслолын оролцогчид албан ёсоор нэмэгдэв
“Милан Кортина 2026” өвлийн олимпын зохион байгуулах хороо орон нутгийн цагаар Ням гарагт Италийн алдарт дуучин Андреа Бочеллиг олимпын нээлтийн ёслолд оролцуулахаар болсныг зарлалаа. Тэрээр өмнө нь 2006 оны Турины өвлийн олимпын хаалтын ёслолд тайзнаа гарч байсан юм.
Өвлийн олимпын нээлтийн ёслол ирэх сарын 6-нд Италийн Милан хотын Сан Сиро цэнгэлдэхэд болохоор товлогджээ. Нээлтийн үйл ажиллагааг “Balich Wonder Studio” зохион байгуулах бөгөөд Америкийн поп од Мэрия Кэри, Италийн дуучин Лаура Паузини нар мөн оролцоно гэж өмнө нь мэдээлсэн байна.
Бочеллигийн замнал: хараагаа алдсан ч дэлхийд танигдсан түүх
Өдгөө 67 настай поп тенор дуучин А.Бочелли төрөлхийн харааны эмгэгтэй. Тэрээр 12 настайдаа хөлбөмбөг тоглож байхдаа гэмтсэний улмаас хараагаа бүрэн алдсан ч 1992 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлжээ. Харин 1994 онд Санремогийн Хөгжмийн наадмын шинэ дуучны ангилалд түрүүлснээр олон улсын тавцанд танигдах эхлэлээ тавьсан түүхтэй.





