“Онгоцны тасалбар зарна” гэх хуурамч зарын дагуу холбогдсон иргэн үл таних этгээдийн данс руу 4,255,100 төгрөг шилжүүлж, залилуулсан хэрэг гарсан байна. Тухайн хүн залилуулснаа мэдмэгц 1 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад ханджээ.
Цахим орчинд иргэдийн хэрэгцээг онилон, хямд үнээр онгоцны тасалбар, аяллын багц, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн санал болгосон хуурамч зар мэдээлэл нийтэлж, бусдыг хохироох тохиолдол тасрахгүй байгааг холбогдох байгууллагаас санууллаа.
Өнгөрөгч 2025 онд залилах гэмт хэрэг нийт 16,906 бүртгэгдсэнээс бараа, үйлчилгээ захиалаад хохирсон 5,214 хүн байгаа талаар мэдээлэв. Иймээс цахимаар үйлчилгээ авах, бараа захиалах үедээ тухайн санал, борлуулагч нь албан ёсны байгууллага эсэхийг нягтлах, залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдлыг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.





