Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан «Чингис хаан цом»-ын төлөөх барилдаанд улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ. Чансаа өндөр 128 бөх зодоглосон тус барилдаанд тэрээр долоо давж, цом хүртсэн байна.
Үзүүр түрүүнд даян аваргыг өвдөг шороодуулав
Шийдвэрлэх даваанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарьд М.Лхагвагэрэл даян аварга Б.Орхонбаяртай хүч үзжээ. Улмаар М.Лхагвагэрэл давж түрүүлсэн бол Б.Орхонбаяр үзүүрлэсэн байна.
Зургаагийн даваанд Б.Орхонбаяр улсын аварга О.Хангайг, М.Лхагвагэрэл улсын заан Д.Алтанцоожийг тус тус амлан барилдсан юм.
Энэ барилдаанаас өмнөх учраануудын дүнгээр Б.Орхонбаяр О.Хангайг долоон удаа давж, дөрвөн удаа унаж байжээ. Харин М.Лхагвагэрэл Д.Алтанцоожийг таван удаа хожиж, хоёр удаа өвдөг шороодсон байна.
Өнгөрсөн жилийн түрүү бөхийг тавын даваанд давжээ
Өмнөх жилийн «Чингис хаан цом»-д улсын арслан Э.Батмагнай түрүүлж байсан юм. Тэрээр энэ удаа тавын даваанд М.Лхагвагэрэлд унаснаар цомоо хамгаалах боломжгүй болжээ.