Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлаар уламжлалт “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр сүүлийн жилүүдэд тасраад байсан нэр хүндтэй хаврын уралдааныг энэ онд дахин явуулах нөхцөл бүрдэж байна.
Уг уралдааныг тавдугаар сарын 1-нд зохион байгуулах бөгөөд хөтөлбөрт их нас, соёолон, сонгомол дунд нас гэсэн ангиллууд багтсан байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг насны морьд бус хэд хэдэн гол ангиллаар нэг өдөрт багтаан уралдуулах зохион байгуулалттайгаар төлөвлөжээ.
Мөн тус хуралдаанаар зарим аймаг, салбар холбооноос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналыг хэлэлцсэн байна. Үүний хүрээнд энэ жилийн бүсийн уралдаануудыг дараах байдлаар зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжлахаар тогтжээ. Тодруулбал, Говийн бүсийн уралдааныг Дундговь аймагт, Зүүн бүсийн уралдааныг Сүхбаатар аймагт, Баруун бүсийн уралдааныг Завхан аймагт, Төвийн бүсийн уралдааныг Сэлэнгэ аймагт тус тус хийх бөгөөд эдгээрийг долоодугаар сарын 24-26-нд зохион байгуулахаар санал боловсруулсан байна.
Түүнчлэн Монголын морин спорт, уяачдын холбооны түүхт 30 жилийн ойтой холбоотойгоор XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн “Монгол уяа-2025” оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолыг энэ сарын 24-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.





