2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй хэвээр байна. Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх хэсэг болон Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдад ургалт муу байгаа бол Орхон аймгийн нийт нутаг болон Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх хэсэгт, мөн Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн зарим сумдын нутгаар ургалт дунд түвшинд байна. Харин Дорнодын нийт нутгаар, мөн Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх нутаг болон Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар ургалт хэвийн үзүүлэлттэй байна.
Цаг агаарын хувьд тал хээр болон говийн нутгаар салхины хурд түр зуур 16-27 м/с хүрч, зарим сумдад 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Өмнөговийн Цогт-Овоо сумдад хамгийн өндөр салхилалт бүртгэгдсэн байна. Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджаас 1.1-4.9 градусаар дулаан байсан бол хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим нутгаар дунджаас ахиу, бусад нутгуудад дунджаас бага оржээ.
Мал аж ахуйн үйлдвэрлэлд мал төллүүлэх, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажлууд үргэлжилж байна. Байгалийн бүсүүдийг төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын мэдээллээр, ойт хээрийн бүсийн Булган аймгийн Орхон суманд эм хонины амьдын жин дунджаар 31 кг, эм ямаа 27 кг, үнээ 268 кг байгаа бол тал хээрийн бүсийн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд эм хонь дунджаар 44 кг, эм ямаа 37 кг, үнээ 325 кг, говийн бүсийн Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд эм ямааны дундаж жин 34 кг байна.
