Милан дахь нээлтийн ёслол, загварынхны анхаарлын төв
2026 оны өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслол Милан хотын Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд маргааш болох гэж байна. Нээлтийн үеэр баг тамирчдын өмсөх хувцаснууд өнгө төрх, хийц загвар, утга бэлгэдлээрээ аль хэдийн загварын ертөнцийн сонирхлыг татжээ.
Нээлт, хаалтын ёслолын өмсгөл нь зөвхөн дулаан хамгаалалт бус, тухайн улсын онцлог, хэв шинж, “зөөлөн хүч”-ийг олон улсын тавцанд илэрхийлдэг. Милан бол дэлхийн загварын гол төвүүдийн нэг бөгөөд “Giorgio Armani”, “Dolce & Gabbana”, “Versace”, “Prada” зэрэг Италийн нэр хүндтэй ордууд энд байрладаг.
Өвлийн Олимпын хамгийн хүсэн хүлээдэг гоёл нь мэдээж медаль ч гэлээ, энэ удаагийн багуудын ёслолын хувцас дотроос “анхаарал татах” деталь, санаа, технологиороо өрсөлдөх олон загвар тодорсон байна.
Хамгийн их хүлээлт үүсгэсэн нь: Монголын багийн “Гоёл Кашмер” хийц
Энэ жилийн хамгийн өндөр хүлээлт дагуулсан хувцасны нэг нь Монголын багийн ёслолын өмсгөл байв. 2024 оны Парисын Олимпын үеийн хувцас олон нийтийн анхааралд өртөж, загвар сонирхогчдоос өндөр үнэлгээ авч байсан нь энэ удаагийн хүлээлтийг улам өсгөсөн гэж үзэж байна. Тухайн загварт Michel&Amazonka брэндийг үүсгэн байгуулагч эгч дүү дизайнерууд ажиллаж байсан юм.
2026 оны хувцсанд Монголын уламжлалт дээл, түүнтэй ойролцоо хэв маягийг шингээж, түүхэн санааг орчин үеийн шийдэлтэй холбож өгчээ. “Гоёл Кашмер”-ын загвар зохион бүтээгчид XIII–XV зууны Монголын эзэнт гүрний үеийн хувцаснаас сэдэл авч, хэсэг бүрт нь бэлгэдлийн утга оруулан урласан байна. Мөн нүүдэлчдийн “Төв Азийн өндөрлөг газрын мөнхийн өвөл”-ийг даван туулахад түшиг болсон ноолуурыг материал, өгүүлэмжийн түвшинд онцолжээ.
Монгол Улсыг Мөнх хөх тэнгэрийн орон хэмээн нэрлэдэг учраас тамирчид торгон эмжээр, эвэр угалз хээ, ёслолын уур амьсгал шингээсэн цэнхэр өнгийн ноолууран дээл, хөх уужаараар эх орноо төлөөлөх нь зүй ёсны мэтээр тайлбарласан байна. Хөдөлгөөн саадлахгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан төдийгүй монгол гэрийн соёлыг илэрхийлэх хээтэй сүлжмэл цамцуудыг ч тусгайлан урлажээ.
Хамгийн сонгодог, технологитой нь: АНУ-ын Ralph Lauren ба Nike ACG
АНУ-ын хувьд Ralph Lauren брэнд Олимпын наадамд оролцох тамирчдын хувцсыг 10 дахь удаагаа урлаж буй нь анхаарал татсан байна. Америкийн уламжлалт сонгодог өнгө аясыг дэгжин, цэгцтэй хийцтэй нийлүүлснээр шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан гэж дурджээ.
Нээлтийн ёслолд тамирчид АНУ-ын далбаатай сүлжмэл хоолойтой цамц дээр модон товчтой цагаан ноосон пальто өмсөж алхах бол хаалтын ёслолын хувцсанд хуучны цанын уралдааны хэв маягийг санагдуулам өнгө алагласан өдөн хүрмийг цагаан сул загварын өмдтэй хослуулсан байна. Мөн нэг товч дармагц хүрэм нь Nike-ийн Air технологийн зарчмаар “дүүрч” дулаан нэмэгдүүлдэг шийдэл нь хамгийн сонирхолтой инновацын нэгээр нэрлэгджээ.
Хамгийн их маргаан дагуулсан нь: Канадын Lululemon
Канадын багийн хувцсыг гурав дахь удаагаа хийж буй Lululemon энэ жил уламжлалт дан улаан өнгийн өдөн хүрэмнээс эрс өөр чиглэл сонгосноор сошиал орчинд хүчтэй хэлэлцүүлэг өдөөсөн байна.
Тэд өмнөх тогтсон дүр төрхөөс хазайж, гүн улаан, мөсөн цэнхэр, мөсөн ногоон өнгө болон усан хээний хослолтой, илүү туршилтлаг дизайн руу шилжжээ. Зарим нь үүнийг шинэлэг, эвтэйхэн, олон төрлийн хэрэгцээнд нийцсэн коллекц гэж магтсан бол нөгөө хэсэг нь таашаасангүй. Тухайлбал, Reddit дээр нэгэн хэрэглэгч уран гулгагч Пол Пуарьегийн агч модны том навчны хээтэй хүрэмтэй зургийн доор “Дэлхий дээрх хамгийн ууртай тогооны бариул өмсчихсөн юм шиг харагдаж байна” гэж бичсэн нь анхаарал татсан байна.
Хамгийн “харагдацтай” нь: Их Британи, Ben Sherman ба Adidas
Их Британийн багийн ёслолын хувцас дээр Ben Sherman брэнд дахин голлон ажилласан бөгөөд туг баригчдын малгай, ороолтыг Олимпын таван удаагийн медальт Том Дэйли хамтран урласан гэж мэдээлжээ.
Милан–Кортина 2026 наадамд Ben Sherman ёслолын өмсгөл үйлдвэрлэгчээр дөрөв дэх удаагаа дараалан оролцож байгаа бөгөөд Нэгдсэн Вант Улсын төрийн далбааны хээ, босоо зах, тартан доторлол зэрэг уламжлалт элементүүдийг ашигласан байна. Цэнгэлдэхийн аль ч хэсгээс тод уншигдах “Их Британи” гэсэн бичигтэй ороолт нь хамгийн их анхаарал татсан детальд тооцогджээ.
Харин тэмцээн уралдааны үеийн өмсгөл болон медаль гардуулах тавцан дээр Adidas-ийн хувцсаар гарна. Энэ жил тус компанийн өмсгөлийг 12 улсын баг тамирчид сонгосон гэж мэдээлсэн байна.





