“Open Masters Games 2026”-д 92 орны 25 мянга гаруй тамирчин өрсөлдөж байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод энэ сарын 6-наас 15-ныг дуустал ахмадын “Open Masters Games 2026” тэмцээн үргэлжилж байна. Тус наадамд оролцогчдын хамгийн залуу нь 30 настай бөгөөд насны дээд хязгаар тогтоогоогүй. Энэ удаад 92 улсын 25,000 гаруй тамирчин спортын 30 төрөлд хүч сорьж байгаа юм.
Монголын Гавьяат тамирчин Ц.Раднаа хамгийн ахмад оролцогчоор нэрлэгдэв
Тэмцээнд оролцогчдын дундаас хамгийн ахмад нь энэ жил 92 нас хүрэх Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа болж байна. Тэрээр 1934 онд Өмнөговь аймгийн Баяндалай суманд төржээ.
200 метрт алт, 100 метрт мөнгө хүртэж, цаашдын төрлүүддээ бэлдэж байна
Ц.Раднаа гуай хэдхэн хоногийн өмнө эрэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд уралдан 39.64 секундээр барианд орж, алтан медаль хүртсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанаас мөнгөн медаль хүртжээ. Үлдсэн хугацаанд тэрээр 400, 800, 1,500 метрийн төрөл болон гурвын харайлтад өрсөлдөхөөр зэхэж байна.
Медаль гардсаны дараа тэрээр сэтгүүлчдэд “Би огтхон ч ядраагүй. 95 нас хүртлээ гүйхээр төлөвлөж байгаа” гэж ярьжээ.
Гүйлтийн спорттой амьдралаа холбосон олон арван жилийн замнал
Ц.Раднаа гуай 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноосоо хойш гүйлтийн спортоор тууштай хичээллэж, ахмадын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсээр ирсэн. Тэрээр өнгөрсөн жилийн тавдугаар сард Тайпэй хотод болсон ахмадын наадмаас таван алт хүртэж байсан бол хоёр сарын өмнө АНУ-д зохион байгуулагдсан ахмадын танхимын наадмаас зургаан алтан медаль хүртсэнээрээ онцгой амжилтаа бататгасан юм.





