Хоёр дахь шатны уулзалт ба Арагчигийн мэдэгдэл
Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Иран, АНУ-ын өндөр түвшний хэлэлцээний хоёр дахь үе шат мягмар гарагт Швейцарын Женев хотод болж өнгөрлөө.
Уулзалтын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи талууд цаашдын хэлэлцээрийн баримт бичгийн төслийг боловсруулахад тулгуур болох хэд хэдэн үндсэн зарчмын талаар нийтлэг ойлголцолд хүрсэн гэж мэдээлсэн байна.
“Уулзалтын үеэр янз бүрийн санаачилгуудыг танилцуулж, тэдгээрийг нэлээд нухацтай хэлэлцсэний эцэст бид зарим үндсэн зарчмын талаар санал нэгдсэн. Одоо бид эдгээрт үндэслэн цаашид байгуулах гэрээний төсөл дээр ажиллаж эхэлнэ” гэж Арагчи Ираны хэвлэлүүдэд ярьсан байна.
Түүний тайлбарласнаар, баримт бичгийн төслүүдийг солилцсоны дараа гурав дахь шатны хэлэлцээний товыг тогтоох аж. Арагчи энэ удаагийн яриа хэлэлцээг “бүтээлч, ажил хэрэгч” болсон гэж тодорхойлсон ч уулзалтын үеэр гарсан ахиц нь ойрын хугацаанд хэлэлцээр байгуулагдана гэсэн баталгаа биш гэдгийг тусгайлан онцолсон байна.
Хэлэлцээний зэрэгцээ бүс нутаг дахь цэргийн хөдөлгөөн үргэлжиллээ
Хэлэлцээ эхлэхийн өмнө АНУ Ойрх Дорнод руу нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг илгээснээ мэдэгдсэн нь Иранд үзүүлэх цэргийн дарамт нэмэгдсэн дохио хэмээн үнэлэгдэж байна. Тус бүс нутагт АНУ-ын USS Abraham Lincoln хөлөг онгоц, мөн эскадрын мина зөөгч хөлөг онгоцууд болон байлдааны нисэх онгоцууд байрлаж байгаа гэж мэдээлжээ.
Үүний зэрэгцээ, мягмар гарагт Ираны элит анги нэгтгэл болох Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус Ормузын хоолойд сургуулилалт эхлүүлсэн байна. Хурцадмал байдал намжаагүй бөгөөд далайн тээврийн гол гарцын нэг болох энэ хоолойг түр хугацаагаар хаасан тухай Ираны хэвлэлүүд мэдээлсэн гэж эх сурвалжид дурдав.





