Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр болжээ. Үүний дараа тэрбээр Норвегийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйдегийн урилгаар гуравдугаар сарын 4-5-ны өдрүүдэд Норвегид үргэлжлүүлэн айлчлах аж.
Айлчлалын хөтөлбөрийн хүрээнд Б.Батцэцэг хоёр улсын Гадаад хэргийн сайд нартай албан ёсны хэлэлцээ хийж, төр засгийн удирдлагуудтай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн хамтын ажиллагааны бодит агуулгыг тэлэх, харилцааны шинэ боломжуудыг эрэлхийлэх асуудлууд хэлэлцээний төвд байх төлөвтэй гэж мэдээлжээ.
Монгол Улс Шведийн Хаант Улстай 1964 оны зургаадугаар сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бол Норвегийн Хаант Улстай 1968 оны нэгдүгээр сарын 11-нд мөн дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй байна.





