АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны гуравдугаар сарын 2-ны даваа гарагт Цагаан ордонд болсон одон медаль гардуулах арга хэмжээнд оролцох үеэр түүний хүзүүний ар хэсэг улайж, маажууртай мэт харагдсан нь олны анхаарал татжээ. Үүнтэй төстэй улайлт өмнөх долоо хоногт Капитол Хилл дээрх “State of the Union” арга хэмжээнд оролцох үед нь ч ажиглагдсан байна.
Энэ улайлт юунаас болсон талаар ерөнхийлөгчийн хувийн эмч Шон Барбабелла өнөөдөр тайлбар өгчээ. Тэрбээр “Ерөнхийлөгч Трамп Цагаан ордны эмчийн зөвлөснөөр байдаг л нэг тос ашиглаад арьсны урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа. Энэ эмчилгээг долоо хоногт нэг удаа хийж байгаа бөгөөд улайлт нь хэдэн долоо хоногт байх төлөвтэй байна” гэж мэдэгдсэн байна. Харин яг ямар тос хэрэглэж буй болон арьсны урьдчилан сэргийлэх эмчилгээний зорилгыг тодорхой нэрлээгүй гэж мэдээлжээ.
Трамп ирэх зургаадугаар сард 80 нас хүрэх бөгөөд хамгийн өндөр настай ерөнхийлөгчөөр нэрлэгдэж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд түүний эрүүл мэндтэй холбоотой асуултууд үе үе гарч ирсэн бөгөөд гар дээрх хөхрөлт ч олон нийтийн анхааралд өртөж байв. Үүнийг аспириныг өндөр тунгаар хэрэглэсний гаж нөлөө гэж тайлбарласан бол өөр нэг удаад Цагаан ордон “хэн нэгэнтэй хэтэрхий чанга гар барьснаас болсон” гэж мэдэгдэж байжээ.
Мөн Трамп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард жил бүрийн ээлжит эрүүл мэндийн үзлэгт орсон ч аравдугаар сард дахин шинжилгээ хийлгэсэн байна. Тухайн үед “MRI” хийлгэсэн гэх мэдээлэл гарсан ч дараа нь түүний эмч зүрх судас болон хэвлийн хөндийн шинжилгээ хийсэн, бүх үзүүлэлт хэвийн байсан гэж мэдэгдээд, энэ нь “MRI” бус компьютер томографын шинжилгээ байсан гэж залруулсан гэж мэдээлэв.





