Барбадосын алдарт дуучин Рианнагийн Беверли Хиллс дэх харш руу гал нээсэн хэргийн дараа 35 настай эмэгтэйг хүний амь насанд халдахыг завдсан хэрэгт сэжиглэн баривчилсан талаар Лос-Анжелес хотын цагдаагийн газар мэдээллээ.
Иванна Лизетт Ортиз нэртэй уг эмэгтэйг саатуулсан бөгөөд түүнийг батлан даалтаар суллах мөнгөн хэмжээг 10.2 сая ам.доллароор тогтоосон байна. Цагдаагийн албан хаагчид өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 13:15 цагийн үед Беверли Хиллс дэх харш руу буудсан гэх дуудлагын дагуу хэргийн газарт очжээ.
AR-15 винтовоор гал нээсэн байна
Урьдчилсан мэдээллээр сэжигтэн этгээд дуучны гэр рүү AR-15 загварын винтов буугаар гал нээсэн аж. Буудлага болох үед Рианна гэртээ байсан ч ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байна. Харин халдлагын шалтгаан одоогоор тодорхой болоогүй хэвээр байгаа юм.
Сэжигтний унаж явсан цагаан өнгийн Tesla автомашиныг дуучны гэрээс ойролцоогоор 12 км-ийн зайд орших Sherman Oaks Galleria худалдааны төвөөс илрүүлжээ. Улмаар тухайн газраас эмэгтэйг баривчилсан байна. Fox News телевизийн мэдээлснээр, тэрээр Флорида мужийн Орландо хотоос гаралтай аж.
Рианнагийн гэр бүл дахин олны анхааралд орлоо
Рианна болон A$AP Rocky нар өнгөрсөн оны есдүгээр сард гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд охиндоо Роки гэсэн нэр хайрласан байна. Хосууд мөн хоёр хүүтэй. Түүнчлэн өнгөрсөн оны Met Gala ёслолын үеэр Рианна дахин жирэмсэн болсноо зарлаж байсан юм.





