-8.8 C
Ulaanbaatar
Мягмар, 3 сар 10, 2026

Монголд анх удаа олимпын таеквондогийн Азийн аварга болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил манай улсад анх удаа зохион байгуулахаар болжээ. Ийнхүү тивийн хэмжээний нэр хүндтэй тэмцээн Улаанбаатар хотноо болох гэж байгаа нь Монголын таеквондогийн спортын хувьд онцлох үйл явдал болж байна.

Насанд хүрэгчдийн 27 дахь удаагийн энэхүү тэмцээн тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “М Банк Арена”-д болно. Тэмцээнд Азийн 45 улсын шилдэг тамирчид, дасгалжуулагчид болон албаны төлөөлөгчид хүрэлцэн ирж, пүмсэ, тулаан, пара таеквондо гэсэн гурван төрлөөр өрсөлдөх юм. Мөн энэ тэмцээнээс медаль хүртсэн болон шагналт байрт шалгарсан тамирчид есдүгээр сарын 19-нд Японы Айчи мужийн Нагоя хотод эхлэх Азийн зуны XX наадамд оролцох эрхээ авах боломжтой ажээ.

Тивийн шилдгүүд Улаанбаатарт чуулах төлөвтэй байна

Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар энэ талаар ярихдаа, “Манай холбоо маш хариуцлагатай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь ес дэх удаагийн Пүмсэ, 27 дахь удаагийн тулааны, 11 дэх пара таеквондогийн төрлөөр тивийн аваргыг тодруулах юм. Урьдчилсан байдлаар 45 орны 1100 орчим тамирчин, албаны хүмүүс оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн анх удаа жин бүрийн эхний долоон байрт шалгарсан тамирчид есдүгээр сард Японд болох Азийн наадмын эрх авна. Тиймээс тивийн шилдгүүд Улаанбаатарт ирнэ гэж үзэж байгаа. Эх орондоо болох тэмцээнд амжилттай оролцохын тулд манай тамирчид энэ оны нэгдүгээр сараас хойш цугларалтад гарсан” хэмээн онцолжээ.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг Азийн аварга шалгаруулах тэмцээн нь олимпын эрхийн чансаанд өндөр оноо олгодгоороо онцлогтой. Энэ утгаараа зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөнөөс гадна олон улсын чансаагаа ахиулах чухал боломж болох юм. Тэмцээний үеэр Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чое Чунвон Монголд хүрэлцэн ирэхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна “Авьяаслаг америкчууд” шоуны “Алтан баззер”-ын эзэд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, таеквондогийн урлаг, хүч чадлыг сонирхогчдод толилуулах аж.

Монголын тамирчдын хувьд насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс өнөөдрийг хүртэл нийт 23 медаль хүртээд байна. Энэ удаа тэмцээн эх орондоо болох гэж буй нь дотоодын тамирчдад илүү өндөр амжилт үзүүлэх хүлээлтийг дагуулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу