Өнөөдөр Улсын Онцгой Комисс (УОК) болон Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг танилцуулсан юм.
2025 оны тавдугаар сарын 6-ны байдлаар, Улсын хэмжээнд нийт 2,155 удаагийн гамшиг аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 80 хүн амь насаа алдаж, 54 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 23.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Онцгой байдлын байгууллагаас 17,545 аврагч, 3,898 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 765 хүний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 184 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж авран хамгаалжээ.
Гал түймэр болон бусад аюулт үзэгдэл
Бүртгэгдсэн аюулт үзэгдлүүдийн ихэнхийг гал түймэр эзэлж байна. Өнгөрсөн хугацаанд 1,859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 1,774 нь объектын гал түймэр, 85 нь ой хээрийн гал түймэр байсан байна.
Геологийн гаралтай аюулт үзэгдлийн хүрээнд газар хөдлөлт 25 удаагийн дуудлага авчээ. Ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлүүд, тухайлбал халиа, тошин, салхи шуурга, шар усны үер зэрэг 38 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Түймрийг нууж дарагдуулна гэдэг ойлголт байхгүй
Сүүлийн үед түймрийг нууж дарагдуулна гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж байгаа тухай онцолсон Т.Баярхүү “Гарсан түймрийг нуух, дарагдуулна гэдэг ойлголт байхгүй. Жишээ нь, Ерөө сумын түймэрт нэг талыг нь цурамд оруулаад бусад чиглэл рүү нь тархахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна” гэж хэлсэн байна.
Тэрээр аль ч мэдээллийг албаны эх сурвалжаас авахыг зөвлөж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөмжийг дагах шаардлагатайг онцлон, удирдамжийг дагах нь чухал гэдгийг тэмдэглэсэн юм.