Нийслэлд хэрэгжиж буй Төрийн далбаа мандуулах хөтөлбөрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 27-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Энэхүү санаачилгыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, мөн Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хоёр дахь жилдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
2026 онд уг хөтөлбөрийг нийслэлийн төрийн болон өмчийн ерөнхий боловсролын нийт 147 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хөтөлбөрийн гол зорилго нь сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, харилцан хүндлэл, хүнлэг чанарыг дэмжих, байгаль орчноо хайрлан хамгаалах, гэр бүлээ дээдлэх хүмүүжлийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Нээлтийн үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил ерөнхий боловсролын 12 сургуульд амжилттай хэрэгжүүлсэн. Олон эерэг өөрчлөлт, үр дүн гарсан. Энэ жил Нийслэлийн бүх сургуульд хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Төрийнхөө далбаагаа мандуулдаг сургуулийн хүүхдүүд хичээл сурлага, спорт урлаг, харилцаа хандлагаар нэгэндээ эерэг нөлөө үзүүлдэг болсныг багш нар нь хэлж байна. Хоорондоо англи хэлээр ярихаасаа илүү эх хэлээрээ ярихыг эрхэмлэдэг болжээ. Хөтөлбөрийг бүх талаар дэмжиж сургуульдаа хэрэгжүүлэх боломжоор хангасан удирдлага, нийгмийн ажилтан, багш нар, эцэг эхчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцлон хэллээ.
Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлийн удирдлагууд, тухайлбал:
- Б.Сэмжидмаа — Засаглал, эрх зүйн хорооны дарга, нийгмийн бодлогын зөвлөх
- Б.Золтуяа — Ногоон хөгжлийн хорооны дарга
- Л.Хосбаяр — төсөл, хөтөлбөрийн зохицуулагч
- Э.Хулан — “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирал
- Ч.Батзориг — “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн гүйцэтгэх захирал
- Б.Мөнхбаатар — НИТХ-ын төлөөлөгч
мөн эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцож, хөтөлбөрийн ач холбогдол, үр нөлөөг онцолсон байна.




