Алдарт дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа дахин тайзнаа гарч, бие даасан тоглолтуудаа хийхээр болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр ховор өвчний улмаас дуулах, хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болсон ч удаан хугацааны бэлтгэл сургуулилтын үр дүнд эргэн ирэхэд бэлэн болжээ.
Дион энэ тухайгаа 58 насны төрсөн өдрөөрөө зарлаж, “Амьдралын минь хамгийн сайхан бэлэг” хэмээн онцолсон байна.
Түүний тоглолтууд Парис хотын “Paris La Défense Arena”-д энэ оны ес, аравдугаар сард нийт 10 удаа зохион байгуулагдах бөгөөд 2020 оны гуравдугаар сараас хойш анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
Дуучин өөрийгөө тайзнаа эргэн гарахад бэлэн болсон гэж мэдэгдсэн ч бага зэрэг сандарч байгаагаа нуусангүй. Мөн эрүүл мэнд нь сайжирч, дахин дуулж, хөдөлгөөн хийж эхэлсэн талаар дурджээ. Сүүлийн жилүүдэд өөрийг нь дэмжсэн фенүүддээ талархал илэрхийлж, дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Анх Covid-19 цар тахлын улмаас түүний тоглолтууд цуцлагдсан бол дараа нь “Stiff Person Syndrome” гэх ховор өвчнөөр оношлогдсон юм. Энэ өвчин нь булчингийн хүчтэй агшилт үүсгэж, хөдөлгөөн болон дуулахад хүндрэл учруулдаг бөгөөд одоогоор бүрэн эмчилгээ байхгүй байна.
Эрүүл мэндээ хамгаалахын тулд Дион тоглолтын хуваарьтаа амралтын өдрүүдийг тусгайлан оруулжээ. Тэрбээр долоо хоногийн таван өдөр дууны болон биеийн сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа аж.
Тоглолтын тасалбар дөрөвдүгээр сарын 7-нд худалдаанд гарах бөгөөд ихээхэн эрэлттэй байх төлөвтэй байна. Мөн тоглолтоо зарлахаас өмнө Эйфелийн цамхаг дээр “Paris, I am ready” гэсэн гэрэлт бичиг гарсан нь олны анхаарлыг татжээ.
Тоглолтууд есдүгээр сарын 12, 16, 19, 23, 26, 30 болон аравдугаар сарын 3, 7, 10, 14-ний өдрүүдэд болно.