ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг насан туршид нь хаслаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, шүүхээс түүнд оноосон шийтгэлийг танилцууллаа.

Шүүхийн дүгнэлтээр Л.Бямбасүрэн нь Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасны дагуу улс төрд нөлөө бүхий этгээдийн хувиар ажиллаж байх хугацаандаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хийх ёсгүй үйлдлийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний хахууль авах гэмт хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдсон байна.

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3-т зааснаар албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг мэдсээр байж нуун далдлах зорилгоор шилжүүлсэн, улмаар мөнгө угаасан гэм буруутайд тооцжээ.

Иймээс шүүхээс Л.Бямбасүрэнд Эрүүгийн хуулийн 22.4-3-т заасны дагуу нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жилийн хорих ял оноосон байна. Харин Эрүүгийн хуулийн 18.6-2.1, 18.6-2.3-т заасан зүйл ангиар нэг жилийн хорих ял нэмж оноожээ.

Ингэснээр түүнд нийт 13 жилийн хорих ял оноосон бөгөөд төрийн албанд дахин томилогдох боломжийг насан туршид нь хассан байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мөн шүүхээс мэдэгдсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу