Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) нь манай гарагийн хамгийн их сонирхогддог спортын арга хэмжээний нэг бөгөөд жил бүрийн хамгийн том спортын дуулиан болдог. 2026 онд хөлбөмбөгийн 26 дахь удаагийн ДАШТ эхлэхэд хэдхэн сар үлдэж, дэлхий даяар спорт сонирхогчид энэ тэмцээний хүлээлтэд байгаа юм.
Тэмцээний талаарх товч мэдээлэл
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ 2026 оны зургадугаар сарын 11-нээс долдугаар сарын 19-нд болно. Энэ удаагийн ДАШТ нь түүхэндээ анх удаа гурван улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна: АНУ, Канад, Мексик. Энэхүү тэмцээн АНУ-ын 11, Мексикийн 3, Канадын 2 хотноо болох бөгөөд эдгээр хотуудыг нарийвчлан дурдвал:
- АНУ: Сан Франциско, Лос Анжелес, Сиэтл, Хьюстон, Даллас, Атланта, Бостон, Филадельфи, Майами, Канзас Сити, Нью Йорк.
- Канад: Ванкувер, Торонто.
- Мексик: Мехико, Гвадалахара, Монтеррей.
Шигшээ багийн тоо нэмэгдсэн
Энэ удаагийн тэмцээний онцлог нь 48 улсын шигшээ баг оролцох бөгөөд өмнөх ДАШТ-үүдэд 32 баг оролцож байсан. Европоос 16 баг, Африкаас 9, Азиас 8, Өмнөд Америкаас 6, Хойд болон Төв Америкаас 6, Далайн орнуудаас 1, мөн тив хоорондын плей-оффоос 2 баг эрхээ авна.
Одоогийн байдлаар тэмцээнд оролцох орнууд
2025 оны 4-р сарын 22-ны байдлаар, долоон орон ДАШТ-д оролцох визээ авсан байна. Үүнд АНУ, Канад, Мексик (зохион байгуулагч орнууд), Япон, Шинэ Зеланд, Иран, Аргентин багтжээ.
Нээлт ба шигшээ тоглолт
Тэмцээний нээлтийн тоглолт Мексикийн Мехико хотын “Ацтека” цэнгэлдэх хүрээлэнд болох бол шигшээ тоглолт АНУ-ын Нью Йорк хотын “Метлайф” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Тоглолтын тоо ба формат
2026 оны ДАШТ-ийн тоглолтын тоо 104 болж нэмэгдсэн бөгөөд өмнөх ДАШТ-үүдэд 64 тоглолт болдог байсан. 48 баг 12 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдан тойргоор тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг, мөн гуравдугаар байрт орсон багуудаас шилдэг найм нь хасагдах шатанд тоглоно.
Тасалбарын худалдаа
Тэмцээний тасалбарууд 2025 оны долдугаар сарын сүүлчээр fifa.com сайтын тусламжтайгаар дэлхий даяар онлайн зарагдаж эхлэх бөгөөд оролцогч улс орнуудад тусгай арга хэмжээ зохион байгуулах ч гэсэн төлөвлөгдсөн байна.