“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу олон улсын стандарт хангасан нийтийн тээврийн автобуснууд 24 цагийн турш үйлчилж эхэлсэн талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Иргэд төлбөрөө бүх төрлийн картаар хийх боломжтой бөгөөд UBCARD аппликейшн ашиглан автобусны чиглэлээ харах, мөн суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой байна.
Нисэх буудал руу үйлчлэх чиглэлүүд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу дараах гурван чиглэлээр автобус явж байна. Үүнд Х:19, Х:20, ШҮ:4 чиглэл багтаж байгаа юм.
Х:19 чиглэл нь Сүхбаатарын талбайгаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэл үйлчилнэ. Энэ чиглэлд Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн нэгдүгээр буудал, Буянт-Ухаа спорт цогцолбор зэрэг зогсоолоор дайран өнгөрөх бөгөөд том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 7 мянган төгрөгөөр зорчино.
Х:20 чиглэл нь 5 шар буудлаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэл явах бөгөөд Буянт-Ухаа спорт цогцолбор, Архивын ерөнхий газар зэрэг цэгүүдээр дайрна. Энэ чиглэлд том хүн 10 мянган төгрөг, хүүхэд 5 мянган төгрөг төлнө.
ШҮ:4 чиглэл нь шөнийн цагаар Сүхбаатарын талбайгаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу үйлчилж байгаа бөгөөд том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 7 мянган төгрөгөөр зорчих боломжтой байна.
Цагийн хуваарь болон үйлчилгээний онцлог
Х:19 чиглэлийн автобус Сүхбаатарын талбайгаас өдрийн турш тогтсон хуваарийн дагуу хөдөлж, нисэх буудал болон хотын төвийн хооронд олон удаагийн рейс үйлдэж байна. Мөн Х:20 чиглэл 5 шараас өдөрт зургаан удаа явж, нисэх буудлаас мөн адил тогтсон цагуудад буцаж үйлчилж байгаа юм.
Харин ШҮ:4 чиглэл нь шөнийн цагийн хэрэгцээнд зориулан ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатарын талбайгаас 23:05, 02:05 цагт хөдөлж, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 00:10, 03:10 цагт хүрнэ. Нисэх буудлаас 00:50 цагт хөдөлсөн автобус Сүхбаатарын талбайд 01:55 цагт ирэхээр зохицуулагджээ.
Ингэснээр нисэх буудал руу зорчих иргэд өдөр, шөнийн аль ч цагт нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна.