Албан тушаалтанд хахууль өгөхийг завдсан иргэнд 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

АТГ-аас шалгасан хэргийг анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн эрүүгийн 2502000000493 дугаартай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Эмийн сангийн байршлыг хууль зөрчин шилжүүлэхийн тулд мөнгө үлдээжээ

Хэргийн материалд дурдсанаар, иргэн Д нь 2025 оны арваннэгдүгээр сард эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” компанийн эмийн сангийн байршлыг холбогдох шинжээчийн дүгнэлтгүйгээр шилжүүлж, өөрт ашигтай нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ.

Тэрээр энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэнд кофе уухыг санал болгосон бөгөөд хоосон аяганд нь 1,000,000 төгрөг бэлнээр хийж, таглаад албан өрөөнд нь үлдээсэн байна.

Албан тушаалтан хуульд заасан үүргийнхээ дагуу мэдээлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах мэргэжилтэн Ж нь өөрт нь албан тушаалын байдалтай нь холбоотойгоор хахууль санал болгосон энэ асуудлыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нийтийн албан тушаалтны хувиар хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн, байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтнаар дамжуулж Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна.

Шүүх иргэн Д-ийг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ

Уг асуудлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар иргэн Д-д холбогдох хэргийг хэлэлцэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгийн торгууль оногдуулжээ.

Шүүх санаатай үйлдэл байсан гэж дүгнэв

Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д-ийн үйлдлийг санаатайгаар үйлдсэн гэж үзсэн байна. Тодруулбал, тэр өөрийн хийж буй үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн нь гэрчүүдийн мэдүүлэг болон шүүгдэгч өөрөө хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдсон гэж дүгнэжээ.

Мөн шүүхийн шийдвэрт энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байна гэж дурдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй гэж үзжээ

Шүүхээс мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон гэж үзсэн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах болон прокурорын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эсвэл хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн нөхцөл тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу