Нийслэлд халдварын тоо өндөр хэвээр, 10-14 насныхан хамгийн их өртжээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо 14,562-д хүрчээ. Үүнээс 11,759 нь нийслэлд, 2,798 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн хоёр нас баралт шинээр бүртгэгдсэнээр улаанбурхан өвчний улмаас нас барсан хүний нийт тоо 17 болж өсжээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 6-нд гаргасан мэдээллээр батлагдсан тохиолдол өмнөхөөс нэгээр нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар нийт 62 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Тэдгээрийн 39 нь нийслэлд, 23 нь орон нутагт эмчлүүлж байна. Насны ангиллаар авч үзвэл халдвар хамгийн өндөр байгаа бүлэг нь 10-14 насныхан бөгөөд энэ насны 5,265 хүүхэд өвчилжээ. Үүнээс гадна 0-4 насны 3,579, 5-9 насны 1,855, 15-19 насны 1,796 хүүхэд улаанбурханаар өвдсөн байна.
Вакцинд хамрагдаагүй иргэдийг нөхөн дархлаажуулалтад хамрагдахыг уриалав
Улаанбурхан нь халдварлах чадвар маш өндөр боловч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд дахин сануулж байна.
Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаарх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төв дээр очиж цахим бүртгэлийн системд бүртгүүлэх шаардлагатай юм. Харин өмнө нь вакцинд хамрагдаж амжаагүй, эсвэл хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад заавал хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг зөвлөж байна.
