Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхөөс Б.Орхонбаяр арслан өнгөлөв
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярын нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Энэ удаагийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “АПУ” ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлэв.
Харин үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, “Асиан Сити” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий шалгарлаа. Шөвгийн дөрөвт “Сүлд” спорт хороо, “Хемон Констракшн” ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, дархан аварга Н.Батсуурь, мөн Увс аймгийн Ховд сумын харьяат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Зорчигч тээвэр-2” ОНӨААТҮГ, “Монзол” групп, “Блю Драгон” ХХК, “Нэгдэл” клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр нар үлдсэн байна.
Шөвгийн наймд улсын харцага Э.Даш, улсын начин Б.Сосорбарам, аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар, аймгийн арслан Х.Наранбаяр нар шалгарчээ. Харин зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн арслан С.Доржпаламд гардуулсан байна.
Г.Эрхэмбаяр аваргад олон талын хүндэтгэл үзүүлж, дараагийн барилдааны тов гарлаа
Нэрэмжит барилдааны үеэр Монгол Улсын аварга Г.Эрхэмбаярт МҮБХ, аваргууд, “Таван-Хан” дэвжээний бөхчүүд, үеийн бөхчүүд, багш шавь нар, ах дүүс, найз нөхөд, нутгийн иргэд зэрэг олон хүн хүндэтгэл үзүүлжээ.
Түүнчлэн Монгол орны 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын 1995 оны үеийн төлөөлөл болох “Монгол-95” клубээс ч мөн хүндэтгэл үзүүлсэн байна.
Дараагийн барилдаан дөрөвдүгээр сарын 11-ний бямба гарагт 14:30 цагаас Алтанцомын төлөөх хагас шигшээ барилдаанаар үргэлжилнэ. Тус барилдаанд “М-СИ-ЭС ЭНЕРЖИ” болон “ХАМАГ МОНГОЛ”, “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” болон “АПУ СКАЙТЕЛ” багууд хоорондоо хүч үзэх юм.