ТЭЗҮ бараг дуусч, шинэ зам баруун ба зүүн захыг томоохон сүлжээнд холбоно
Улаанбаатар хотын авто замын томоохон төслүүдийн нэг болох хоёрдугаар тойрог замын Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтэс мэдээлжээ.
Одоогоор нийслэлийн нэгдүгээр тойрог авто замыг 918 сая ам.доллар буюу 3.2 их наяд төгрөгөөр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээгээд байгаа бол хоёрдугаар тойрог замын төсөл дараагийн шат руугаа дөхөж байна. Тус төслийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын “Гуандун мужийн Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК боловсруулж байгаа аж.
Хоёрдугаар тойрог замыг нийт 21.3 километр урттайгаар төлөвлөсөн бөгөөд хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замтай шууд холбохоор зураглажээ.
Баруун чиглэлийн трасс нь 22-ын товчооноос эхэлж, Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч, тэндээсээ нэгдүгээр тойрог замтай холбогдохоор төлөвлөгдсөн байна.
Харин зүүн чиглэл нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчмоос эхэлж, Улиастай болон Гачууртын чиглэлд үргэлжлэн Туулын хурдны замтай огтлолцохоор тусгагджээ.
Зүүн бүсийн түгжрэл 15-20 хувь буурч, зарим замын ачаалал өдөрт 5000 машинаар багасах төлөвтэй
Төслийн хүрээнд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн бүсэд амьдарч буй 403 иргэний зорчилт хөдөлгөөний судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд энэ зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн хэсгийн түгжрэл 15-20 хувиар буурах боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Мөн зорчих хугацаа дунджаар 30 хувиар багасах төлөвтэй байгаа бөгөөд Цагдаагийн академийн өргөн чөлөө, Шархад, Ботаникийн чиглэлийн замуудын ачаалал хоногт 5000 автомашинаар буурах үзүүлэлт гарсан байна.
Ингэснээр хоёрдугаар тойрог зам нь зөвхөн шинэ гарц, холбоос бий болгохоос гадна нийслэлийн зүүн бүсийн замын ачааллыг хуваалцаж, өдөр тутмын хөдөлгөөнийг илүү богино хугацаанд, илүү жигд урсгалтай болгох томоохон дэд бүтцийн шийдэл болно гэж үзэж байна.