Католик шашны 2000 гаруй жилийн түүхэнд анх удаа Америкийн иргэн, 69 настай Роберт Фрэнсис Превост папа болон сонгогдлоо. Чикаго хотод төрсөн Превост шашны үйл хэрэгт Перу улсад олон жил хүчин зүтгэж, 2015 онд тус улсын иргэн болжээ. Тэрбээр XIV Лео нэрээр Ватиканы тэргүүнээр өргөмжлөгдөж, Гэгээн Петрийн талбайд сүсэгтнүүдэд хандан “Та бүхэн бүгд амар амгалан байх болтугай” хэмээн анхны үгсээ хэлсэн байна.
Перу дахь замнал, олон улсын талархал
Превост Перу улсын Чиклаио хотод номлогчоос эхлэн сүмийн хамба хүртэл дэвшин ажиллажээ. Түүний папа болсон мэдээ нь АНУ болон Перу улсын ард иргэдэд ихээхэн баяр баяслыг авчирсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ үйл явдлыг “Америк үндэстний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн онцолж, шинэ паптай уулзахыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ч мөн адил талархал илэрхийлж, Ватикантай бат бэх харилцаа тогтооно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.
Харин Перу улсын ерөнхийлөгч Дина Болуарте түүнийг “бидний дунд амьдарч, итгэл найдвар түгээж байсан хүн” хэмээн сайшаан, Перугийн ард түмний сэтгэл зүрхэнд ойр нэгэн гэж тодорхойлсон байна.
Пап Францисын бэлтгэсэн залгамжлагч
Талийгаач пап Францис Превостыг залгамжлагчаараа эртнээс төлөвлөж байсан бөгөөд 2023 онд түүнийг Ватиканд авчирч, хамбын нэр дэвшигчдийг шалгаруулдаг чухал албыг хариуцуулжээ. Энэ нь түүнийг шинэ папа болоход онцгой нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид дүгнэж байна.
XIV Лео папын удирдлага дор өмнөх папын энэрэнгүй бодлого үргэлжилнэ гэсэн хүлээлт сүсэгтнүүд болон олон улсын түвшинд өндөр байгаа юм.
Сонирхолтой үйл явдал
Гол нь шинэ дарга сайн сайхан, эв нэгдлийг авчирна