Шавьдаа гар хүрсэн ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн цалинг гурван сар хасахаар шийдвэрлэлээ

Японы сүмогийн холбоо түүний зэрэглэлийг бууруулж, Исэгэхама дэвжээнд хяналт чангатгана

Японы сүмогийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр Токио хотноо хуралдаж, Исэгэхама дэвжээний ояката, ёкозүна асан Терүнофүжи Г.Ган-Эрдэнийн асуудлыг хэлэлцжээ.

Тэрээр шавьдаа гар хүрсэн нь тогтоогдсон тул багшлах зэргийг нь хоёр шатаар бууруулж, гурван сарын хугацаанд цалингийнх нь 10 хувийг хасахаар шийдвэрлэсэн байна.

Харин багшдаа зодуулсан Хакүнофүжид холбооны зүгээс хатуу анхааруулга өгчээ.

Холбоо Исэгэхама дэвжээнд тусгай хяналт тавьж, дөрвөн оякатаас бүрдсэн зөвлөл байгуулжээ

Энэ явдлын дараа Японы сүмогийн холбоо Исэгэхама дэвжээнд илүү хатуу хяналт тавьж ажиллахаар болсон байна. Үүний хүрээнд дөрвөн оякатагийн бүрэлдэхүүнтэй зөвлөл томилсон бөгөөд уг зөвлөлийг Асакаяама ояката буюу озеки асан Кайо ахлах аж.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Г.Ган-Эрдэнэ өөрөө сүмогийн холбоонд очиж, шавьдаа гар хүрсэн тухайгаа мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Хакүнофүжи болон Нишикифүжи нараас мэдүүлэг авч шалгалт явуулжээ.

Улмаар гуравдугаар сарын башёгийн үеэр түүний багшлах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байсан юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу