12 орны 280 уран бүтээлч, 11 бар, муур, пудель нохдын шоу: “Дэлхийн цирк Монголд” шинэ тоглолтоо эхлүүлнэ

Одоогоос 14 жилийн өмнө буюу 2012 онд анх монгол үзэгчдийн хүртээл болж байсан “Дэлхийн цирк Монголд” олон улсын циркийн тоглолт 2026 оны цоо шинэ шоугаа толилуулахаар бэлэн болжээ.

Энэ сарын 18-нд “Аса арена”-д хөшгөө нээх уг тоглолтод Монгол, Израил, Украин, Казахстан, ОХУ, Хятад, Португал, Чех, Итали, Колумб, Мексик зэрэг 12 улсын нийт 280 орчим уран бүтээлч оролцох юм. 14 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү шоуны гол давуу тал нь жил бүрийн хөтөлбөр, номерууд шинэчлэгддэг, өмнөхөөсөө давтагддаггүйд оршдог бөгөөд энэ нь үзэгчдийн сонирхлыг тогтмол татаж иржээ.

Энэ удаагийн тоглолтын онцлох хэсгийн нэг нь Италиас авчирсан гурван төрлийн 11 бар байх аж. Эдгээр бар олон улсад галтай үзүүлбэрээрээ нэрд гарсан байна. Мөн эзэн хааны пудель ноход үзүүлбэрээ үзүүлэхээр өчигдөр Монголд ирсэн бол бөмбөгөөр тоглодог муурнууд ч энэ жилийн шоуны бүрэлдэхүүнд багтаж байгаа юм.

Тоглолтын ерөнхий продюсер Н.Эрдэнэ энэ талаар, “Энэ удаагийн “Дэлхийн цирк Монголд-2026” тоглолт албан ёсоор хөшгөө нээхэд бэлэн боллоо. Тоглолтод оролцох зочид, амьтад манай улсад ирээд байна. Бар маань 4000 км замыг туулаад Монголд ирсэн. Нэг бар өдөрт таван кг мах иддэг. Үзүүлбэрт оролцох 11 бард зориулж бид 3.3 тонн үхрийн мах бэлдсэн. Барнууд маань ОХУ болон Казахстан дахь аялан тоглолтоо дуусгаад Монголд хоёр хоногийн өмнө ирлээ. Зэрлэг араатныг хэрхэн циркийн сургуультай амьтан болгосныг харах боломжтой. Үзэгчид жил бүр шинэ зүйлийг хүсдэг. Тиймээс өмнө нь үзүүлсэн номеруудаа давтахыг хүсдэггүй. Хамгийн гол нь олон улсын циркийн наадмуудаас алт, мөнгө, хүрэл цом хүртсэн шилдэг номеруудыг, сорчилж авчирдгаараа онцлогтой юм. Тиймээс монголын үзэгчдэд хүлээлттэй байдаг болов уу. Энэ жилийн тоглолтын гол онцлог нь бид анх удаа “Дэлхийн цирк Монголд” тоглолтоо Дархан-Уул аймагт зохион байгуулах гэж байна. Тэгэхээр Дархантай ойрхон байгаа аймгийн ирээд үзэх боломжтой” хэмээн ярьжээ.

“Дэлхийн цирк Монголд 2026” тоглолт энэ сарын 18-нд “Аса арена”-д нээлтээ хийж, долоо хоног бүрийн бямба, ням гарагт нийт найман өдөр тоглох хуваарьтай байна. Үүнээс гадна ирэх сарын 16, 17-нд Дархан-Уул аймгийн “Дархан Юнайтед арена”-д төвийн бүсийн үзэгчдэд зориулан тоглохоор төлөвлөжээ.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу