“Монгол” нэрийн тухай судалгааны бүтээл эрдэмтдийн оролцоотойгоор хэвлэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгийн хүрээнд эрдэмтэн, судлаачдын баг “Монгол хэмээх нэрийн судалгаа” нэртэй бүтээлийг боловсруулан гаргажээ.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр байгуулагдсан 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт Шинжлэх ухааны академи, Үндэсний төв архив, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг байгууллагын 20 судлаач ажилласан байна. Мөн МУИС-ийн проректор, Монгол судлалын холбооны захирал, доктор Д.Заяабаатар, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Ц.Цэрэндорж, Стратеги судалгааны хүрээлэнгийн албаны дарга, доктор Ц.Минжин нар редактораар, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал зөвлөхөөр оролцжээ.
Судлаачид “Mongolia” гэхийн оронд “Mongol” гэж нэршүүлэх нь зүйтэй гэж дүгнэв
Эрдэмтэн, судлаачдын баг баримт, эх сурвалжид тулгуурлан Монгол Улсыг гадаад хэл дээр уугуул нэрэнд нь ойр байдлаар, “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь илүү зохистой гэсэн байр суурьт хүрсэн байна.
Тэдний үзэж буйгаар энэ нь монголчуудын түүхэн нэршил, үндэсний дархлаа, соёлын өвөрмөц байдлыг илүү зөв илэрхийлэх боломжтой гэжээ.
Судалгаанд олон улсын газрын зураг, архивын ховор баримтыг ашигласан байна
“Монгол хэмээх нэрийн судалгаа” бүтээлийг бэлтгэхдээ 1700 оноос хойш олон улсад хэвлэгдсэн есөн газрын зургийг зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр худалдан авч ашигласан байна. Мөн өмнө нь олон нийтэд нээлттэй байгаагүй архивын баримтууд, өрнө ба дорнын хэл дээрх эх сурвалжуудыг түшиглэн судалгаагаа хийжээ.
Ингэснээр “Монгол” нэрийн үүсэл, хэрэглээ, олон улсын түвшинд хэрхэн тэмдэглэгдэж ирсэн түүхийг өргөн хүрээнд харьцуулан авч үзсэн байна.
“Монгол” нэрийн түүх VI-VII зуунаас эх сурвалжид тэмдэглэгдсэн байдаг
Судалгаанд дурдсанаар “Монгол” гэх үг угсаатан, үндэстний нэрийн хувьд нангиадын түүхэн сурвалжид ханз үсгээр тэмдэглэгдсэн нь нийтийн тооллын VI-VII зуунд холбогддог ажээ.
Гэхдээ энэ нь түүнээс өмнө монголчууд байгаагүй гэсэн утга биш юм. Харин монголчууд эрт үед төрт улсаа Хүннү, Сяньби, Жужан, Хятан зэрэг өөр өөр нэрээр нэрлэж ирсэн бөгөөд XII зуунаас эхлэн Монгол, цаашлаад Их Монгол Улс хэмээх нэршлийг хэрэглэж эхэлсэн түүхтэй гэж тайлбарлажээ.
Монголчууд нэрээ өөрчлөөгүй ч бусад улс орон өөр өөрөөр тэмдэглэж иржээ
Өнгөрсөн 800 гаруй жилийн хугацаанд монголчууд өөрсдийн энэ нэр, дуудлагыг үндсэндээ өөрчлөлгүй уламжлуулан өнөөг хүрсэн байна.
Харин дэлхийн улс орнууд хэл, бичиг үсгийн онцлог, гадаад улсыг нэрлэдэг уламжлал, тухайн нэр анх ямар хэлээр дамжин нэвтэрсэн зэргээс хамааран “Монгол” гэх нэрийг янз бүрийн хэлбэрээр дуудаж, бичиж иржээ.
Номын эхний бүлэгт өрнө, дорнын олон эх сурвалжийг нэгтгэн судалжээ
“Монгол хэмээх нэрийн судалгаа” номын “Түүхэн сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” нэртэй эхний бүлэгт XIII-XVIII зууны худам монгол, дөрвөлжин, тод, хятад үсгээр бичигдсэн монгол хэлний дурсгалуудыг авч үзсэн байна.
Үүний зэрэгцээ араб, перс, латин, Цагадай хэл дээрх сурвалжуудыг ашигласнаас гадна манж, төвд, хятад, япон, солонгос зэрэг дорнын хэлний баримт, англи, орос, франц, герман, итали, испани, чех, турк зэрэг өрнийн хэл дээрх эх сурвалж, судалгааг нэгтгэн дүгнэжээ.
Архивын баримтад “Монгол” нэр хэрхэн тэмдэглэгдсэнийг он дарааллаар судалсан байна
Номын хоёрдугаар бүлэг болох “Бусад сурвалж дахь Монгол хэмээх нэрийн судалгаа”-д архивын баримт дахь “Монгол” гэх нэрийг он дарааллаар нь мөрдөн шинжилсэн байна.
Үүнд 1674 оны манж хэлний баримтаас эхлээд 1726 оны худам монгол бичиг, 1912 оны хятад хэл, 1914 оны орос хэл дээрх архивын нийт 15 баримтыг эх хувийн зурагтай нь хавсаргаж, тус бүрд нь тайлбар хийжээ.
Газрын зураг дахь “Монгол” нэрийн хувьслыг ч тусгайлан авч үзжээ
Мөн “Газрын зураг дахь Монгол хэмээх нэрийн судалгаа” хэсэгт МЭ-550 оны сурвалжид тэмдэглэгдсэн Датунь буюу Татар гэх нэрээс эхлэн авч үзсэн байна.
Үүнээс цааш 1459 оны газрын зурагт тэмдэглэгдсэн “Mongul” хэмээх нэрээс эхлүүлэн, 1794 онд “Mongolia” гэж анх тэмдэглэгдсэн газрын зургуудын тайлбар, хавсралтыг нэгтгэн судалжээ.
Ерөнхийлөгчийн бодлого эх хэл, түүх, өв уламжлалыг бэхжүүлэхэд чиглэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол үндэстний оршихуйн дархлааг бататгах зорилгоор эх хэл, түүх, соёл, зан заншил, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таниулах бодлого баримталж байгаа юм.
Энэ бодлогын хүрээнд “Чингис хаан” үндэсний музейг байгуулж, алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг залах ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.
Үндэсний түүх, хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх томоохон ажлууд үргэлжилж байна
Мөн “Монгол хэл судлал” 15 боть, “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо”, Монголын түүхийн иж бүрэн 30 боть бүтээлийг хэвлүүлжээ.
Үүнээс гадна Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой зарлиг, бодлогыг хэрэгжүүлж байгаа аж.