Э.Цэндбаатар тавдугаар сарын 1-нд Барбадосын Кобиа Брийдитэй мэргэжлийн рингэнд хүч үзнэ

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын дараагийн тулаанаа ирэх тавдугаар сарын 1-нд АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод хийхээр болжээ.

Э.Цэндбаатар 2018 онд мэргэжлийн бокст анхны тулаанаа хийснээс хойш нийт 14 удаа рингэнд гарч, бүгдэд нь ялалт байгуулсан байна. Эдгээрээс зургаан ялалтаа өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулган авснаар авсан бөгөөд одоогоор нэг ч ялагдал хүлээгээгүй явна.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Барбадос улсын “Цэрэг” хочит Кобиа Брийди байх аж. Өдгөө 34 настай Брийди мэргэжлийн бокст 19 тулаан хийж, 18 ялалт байгуулаад байгаа юм. Тэр ялалтуудынхаа наймыг хүнд цохилтоор авсан бөгөөд одоогоор ердөө нэгхэн ялагдалтай байна.

Сонирхолтой нь, Кобиа Брийди ганц ялагдлаа Монголын өөр нэг хүчтэй боксчин “King Tug” хочит Нямбаярын Төгсцогтоос амссан байдаг. Тэд 2020 оны есдүгээр сард WBC холбооны дэлхийн аваргын төлөө тулалдах эрхийн төлөө рингэнд гарсан бөгөөд тэр тулаанд Н.Төгсцогт Барбадосын боксчныг хоёр ч удаа нокдаунд оруулж, ялалт байгуулж байжээ.

Ийнхүү Монголын мэргэжлийн боксын шилдэг төлөөлөгчдийн нэг Э.Цэндбаатар ээлжит тулаандаа туршлагатай, хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулж, ялалтын цуваагаа үргэлжлүүлэхээр бэлтгэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу