Нийслэлийн 61-р сургууль нарны эрчим хүчээр цахилгаанаа шийдэхээр боллоо

“Нартай сургууль” төсөл Чингэлтэй дүүрэгт хэрэгжинэ

Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулах зорилготой “Нартай сургууль” төслийг 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр тус сургууль сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн хоёр дахь жишиг сургууль болох юм.

Ерөнхий боловсролын 61-р сургууль 970 гаруй сурагчтай бөгөөд төвийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас өнөөг хүртэл цахилгаан болон хийн түлш ашиглан дулаанаа шийдэж ирсэн байна. Үүний улмаас өвлийн улиралд зөвхөн цахилгааны төлбөрт 13-15 сая төгрөг зарцуулдаг аж.

Энэ нь зөвхөн нэг сургуулийн асуудал биш бөгөөд дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын бүсэд байрлах олон сургууль, цэцэрлэг ижил нөхцөлд ажиллаж байгаа юм.

Иймээс үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, төсвийн хэмнэлт гаргах зорилгоор Чингэлтэй дүүрэг, Энх Орчлон Хөгжил ТББ болон “Prime Solar” компани хамтран уг төслийг эхлүүлж байна.

Нарны систем нэвтрүүлснээр зардал буурч, хэмнэсэн мөнгийг хөрөнгө оруулалтад зарцуулна

Төслийн хүрээнд нийт 40 кВт-ын нарны үүсгүүр, 20 кВт.ц батарей бүхий хосолсон системийг суурилуулж, сургуулийн одоогийн цахилгааны урсгал зардлыг бууруулах юм байна.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жил бүр 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг аж. Тиймээс ийм төслүүдийг хэрэгжүүлснээр ашиглалтын зардлыг бууруулж, хэмнэсэн санхүүжилтийг сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтын ажлуудад чиглүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчээр “Prime Solar” компани ажиллаж, нарны хавтан суурилуулах болон системийн холболтын ажлыг хөнгөлөлттэй лизингийн нөхцөлөөр хийх юм байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн өнөөгийн цахилгааны зардлыг дөрвөн жилийн хугацаанд төслийн төлбөрт шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлэх аж. Харин гэрээний хугацаа дууссаны дараа 40 кВт-ын нарны үүсгүүр, 20 кВт.ц батарейтай хосолсон систем 100 хувь дүүргийн өмч болж үлдэхээрээ онцлогтой.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нарны эрчим хүчний системд шилжсэн 49-р сургуулийн хувьд сүүлийн гурван сарын хугацаанд цахилгааны хэрэглээнийхээ гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардлаа хоёр дахин бууруулсан үзүүлэлт гарсан байна.

Хэрэв 49, 61-р сургуулиудаас эхэлсэн энэ төсөл амжилттай жишиг болж хэрэгжвэл Чингэлтэй дүүргийн бусад боловсролын байгууллагад ч үе шаттай нэвтрүүлэх боломжтой юм.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу