АТГ мөрдөн шалгалтаа дуусгаж, 35 хавтаст хэргийг прокурорт шилжүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Уг хэрэг нийт 35 хавтас, 8319 хуудас бүхий материалтай байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 3, 22.1 дүгээр зүйлийн 3, 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдад давуу байдал олгосон, мөн хахууль авсан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, 2026 оны нэгдүгээр сарын 10-наас эхлэн шалгасан байна.
Үл хөдлөх хөрөнгө, төмрийн хүдэр, хахуулийн мөнгөтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдсон гэж үзжээ
Мөрдөн шалгалтаар Д.Тогтохсүрэн нь 2016 онд улс төрд нөлөө бүхий албан тушаал эрхэлж байх хугацаандаа өөрт хамаарал бүхий этгээдийн нэр дээр Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах 84.49 ам метр орон сууцыг 820 сая төгрөгөөр худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна.
Мөн Хан-Уул дүүргийн XI хороонд байрлах 400 ам метр талбайтай байрыг хөнгөлөлттэй үнээр авч, бусдаас их хэмжээний хахууль авсан гэж үзэх үндэслэл илэрсэн аж. Үүнээс гадна төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа хууль бус үүрэг чиглэл өгч, 6600 тонн төмрийн хүдрийн хуурай баяжмалыг ачилт, тээврийн дараалалд оруулалгүйгээр тээвэрлүүлэн, БНХАУ-ын “Nh” компанид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж мөрдөгчид үзжээ.
Түүнчлэн “ХЕ” компанийн захирал Э-гээс бусдаар дамжуулан 100 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдлыг ч мөрдөн шалгалтаар тогтоосон байна.
Хахуулийн мөнгийг хурааж, ₮1.8 тэрбумын үл хөдлөх хөрөнгийн шилжилтийг хязгаарласан байна
Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд тооцогдсон 250 сая төгрөгийг хураан авчээ. Мөн тамга, гар утас зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон байна.
Үүнээс гадна 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан аж. Хэрэгт нийт 74 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 53 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 88 лавлагаа, арилжааны банкнуудаас 31 дансны хуулга гаргуулан авчээ. Мөн хоёр шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.