Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, засаглалтай холбоотой тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх тогтоолыг баталжээ.
Шинэ тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, урамшууллын тогтолцоонд өөрчлөлт оруулж, гүйцэтгэл, ажлын ачаалал, үйлчилгээний чанарт тулгуурласан илүү уян хатан систем рүү үе шаттай шилжүүлэхээр болсон байна. Үүний дагуу 2025 оны 224 дүгээр тогтоолоор тогтоосон үндсэн цалингаас тооцсон нэмэгдлийг 2026 оны тавдугаар сарын 1-нээс олгохоор шийдвэрлэжээ.
Мөн энэ тогтоолоор эрүүл мэндийн салбарын үр дүн, үр ашиг, зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт даалгасан байна.
Тухайлбал, санхүүжилтийн тогтолцоог илүү боловсронгуй болгож, эмч, сувилагч болон бусад ажилтны хөдөлмөрийн гүйцэтгэл, бодит үр дүнтэй уялдуулах зорилт тавьжээ. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчилж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, шаардлага хангахгүй эмийг зах зээлээс татах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна.
Түүнчлэн иргэд өөрийн амьдарч буй бүс нутагтаа чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах, лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг арилгах чиглэлд бодит ажил хийхээр тусгажээ.
Мөн салбарын ажилтнуудын ажлын гүйцэтгэл, байгууллагын үйл ажиллагааны үр дүнд суурилсан цалин, урамшууллын KPI тогтолцоог сайжруулж, бүтээмжид суурилсан цалингийн нэмэгдлийн шийдэл боловсруулах үүргийг ч өгсөн байна.
Үүнээс гадна 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор эрүүл мэндийн салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эрчимжүүлж, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулах ажлыг мөн хэрэгжүүлэхээр болжээ.