“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ удаагийн марафон Д.Сүхбаатарын талбайд тусгай ангиллын 500 метрийн гүйлтээр эхлэх бөгөөд тэмцээн эхлэхэд одоогоор 38 хоног үлдээд байна.
Үүнтэй холбоотойгоор хагас болон бүтэн марафонд оролцох хүмүүст үндсэн бэлтгэлээ зөв хийх талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэжээ. Тухайлбал, оролцогчид уралдааны өмнө тогтмол давтамжтай гүйх төлөвлөгөө гаргаж, бэлтгэлээ тууштай үргэлжлүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Мөн гүйлтийн зөв техник эзэмших нь гэмтлээс сэргийлэхийн зэрэгцээ амжилтаа сайжруулахад чухал нөлөөтэй аж. Гүйхдээ хөлийн өлмий болон улаар гишгэхээс илүүтэй аль болох бүтэн гишгэж, зөв алхамтай гүйх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Биеийн онцлог, сэргэлтийн хугацааг тооцож, бэлтгэлийн ачаалал болон давтамжаа өөртөө тохируулан зөв сонгох нь зүйтэйг мөн сануулсан байна. Түүнчлэн уралдааны үеэр хөлд эвтэйхэн, өмнө нь өмсөж дассан гутал, хөлс шингээдэг хувцас сонгох хэрэгтэйг дурджээ. Харин тэмцээний өдөр шинэ хувцас, шинэ хэрэгсэл ашиглах нь тухгүй мэдрэмж төрүүлэх, холгох зэрэг эрсдэлтэй учир зайлсхийхийг анхааруулсан байна.
“Улаанбаатар марафон”-д оролцох бүртгэлийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл авах юм.