Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Казахстан улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа хэрэгжиж буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, албан ёсны хэлэлцээ өрнүүлэхээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгөх хөтөлбөртэй байна.
Хоёр улсын стратегийн түншлэлийг илүү өргөн хүрээнд хэлэлцэнэ
Төрийн айлчлалын хүрээнд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, үр дүнг дүгнэж, Монгол, Казахстаны хоорондын “Стратегийн түншлэл”-ийн агуулгыг өргөжүүлэх асуудлыг голчлон авч үзэхээр төлөвлөжээ. Түүнчлэн хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс болон бүс нутгийн түвшний уялдаа холбоог илүү гүнзгийрүүлэх талаар санал солилцох юм.
Мөн энэ үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна.
Астанад бизнес форум болон соёлын арга хэмжээ болно
Айлчлалын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн оролцоотой бизнес форум зохион байгуулагдах бөгөөд энэ нь худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх чухал талбар болохоор байна. Үүний зэрэгцээ Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулах юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа үеэр мөн Астана хотод болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцохоор товложээ.
Казахстан Монголын Төв Азийн анхны стратегийн түнш болсон
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах чухал алхам болсон юм. Тухайн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснээ албан ёсоор зарласан билээ.
Ингэснээр Казахстан улс Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны стратегийн түнш орон болсон байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны нэгдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Үүнээс өмнө Монголын талаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан улсад төрийн айлчлал хийж байжээ.