Ордост Монголын дууллыг хоёртаа эгшиглүүлсэн Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар аваргаллаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод үргэлжилж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр Монголын баг тун хүчтэй эхлэл тавилаа.

Эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52 кг, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорсон бөгөөд Монголын жүдочид хоёр алтан медаль, нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн байна.

Ж.Анударь 19 насандаа тивийн аваргын оргилд гарлаа

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ж.Анударь гайхалтай барилдаан үзүүлж, Казахстан, Вьетнам, Энэтхэг, Узбекистаны жүдочдыг дараалан ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Түүний энэ амжилт нь Монголын эмэгтэй жүдочдын Азийн аваргаас хүртэж буй 13 дахь алтан медаль болж байгаа юм. Мөн өдгөө 19 настай Ж.Анударь тивийн аваргад түрүүлсэн хамгийн залуу Монгол жүдочдын нэг болж, шинэ үеийн хүчтэй төлөөлөгч гэдгээ батлан харууллаа.

М.Нандин-Эрдэнэ Монголын эмэгтэйчүүдийн 14 дэх алтыг авчирлаа

52 кг-ын жинд “С” хэсгийг тэргүүлэн барилдсан М.Нандин-Эрдэнэ эхний тойрогт хийлсний дараа Японы Сачи Очиай, Тажикстаны Мадина Курбонзода нарыг ялж, шигшээ барилдаанд Узбекистаны Сита Кадамбоевыг өвдөг шороодуулснаар аваргын алтан медаль хүртэв.

Ингэснээр тэрээр Монголын эмэгтэй жүдочдын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан 14 дэх алтан медалийг эх орондоо авчирч, Ордос хотод төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн юм.

Т.Түмэнжаргал хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалав

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Түмэнжаргал эхний тойрогт хийлсний дараа Хойд Солонгосын Ёонг Нам Риг ялсан ч шөвгийн наймд Тайванийн Ян Юүвэйд ялагдсан байна.

Гэсэн ч тэрээр дагах барилдаанд Узбекистаны хүчтэй өрсөлдөгч Достон Рузиевийг буулган авч, хүрэл медалийн төлөө Казахстаны Аман Бакытжаныг ялснаар Монголын багийн медалийн салхийг хагаллаа. Энэ нь түүний Азийн аваргаас хүртэж буй анхны медаль бөгөөд хүрэл медаль болж байна.

Монголын баг эхний өдрийн дараа тэргүүлж эхэллээ

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ө.Жанцандорж, К.Ёолк нар шагналт долдугаар байрт шалгарсан байна.

Эхний өдрийн дүнгээр Монголын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг тэргүүлж байгаа бол Тажикстан нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар хоёрдугаарт, Бахрейн нэг алтан медальтайгаар гуравдугаарт бичигдэж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу