Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн нээлтэд оролцлоо.
Тус өргөтгөлийн барилгын санхүүжилтийг анх 2018 онд улсын төсөвт тусгасан байна. Гэвч Ковид-19 цар тахал, шүүхийн маргаан зэрэг олон хүчин зүйлийн улмаас бүтээн байгуулалтын ажил удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүрчээ. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эрх шилжүүлэх шийдвэр гарснаар шүүхийн маргаан эцэслэж, нийслэлийн төсвөөс нэмэлт 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэн, “Эм ди констракшн” ХХК барилгыг ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.
640 хүүхдийн шинэ өргөтгөл ашиглалтад орж, гурван ээлжийн асуудал шийдэгдэв
Өмнө нь тус сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэж, зарим нь түрээсийн байранд суралцаж байсан бол 640 хүүхдийн суудалтай энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдлээ.
Ерөнхий сайд Н.Учрал, “УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойрогтоо 10 жилийн дараа, Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Тойргийнхоо тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 23, 29 дүгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох, 62 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж хүүхдүүдийг гурван ээлжээс чөлөөлөх, 12 дугаар сургуулийн барилгыг шинэчлэн бариулах зорилго тавьж байсан. Хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харах сайхан байна” гэлээ.
Багш, ажилтнуудын цалин нэмэгдэж, боловсролын салбарт шинэ стратеги хэрэгжинэ
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас боловсролын салбартай холбоотой гарсан шийдвэрүүдийг багш, ажилтнуудад танилцуулсан байна. Юуны өмнө салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоожээ. Ингэснээр багш, ажилчид цалингийн нэгдсэн сүлжээнд хамрагдаж, ирэх сарын нэгнээс 50 хувиар нэмэгдсэн цалингийнхаа өсөлтийг тооцуулан авах боломжтой болж байна.
Мөн Нийгмийн даатгалын шимтгэл болон Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрөөс боловсролын байгууллагуудыг чөлөөлсөн байна. Үүний үр дүнд багш, ажилтнууд тэтгэвэр тогтоолгох, жирэмсний амралт авах, хүүхэд асрах чөлөө хүсэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэх зэрэгт эрсдэл үүсэхгүй болжээ.
Үүнээс гадна Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийг баталсан байна. Энэхүү стратегийн хүрээнд “Сайн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сайн багшийг тасралтгүй хөгжүүлэх, гэрт ойрхон сайн сургуулийг төлөвлөх, шударга, нээлттэй үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхээр болжээ. Мөн хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран технологийн тусламжтайгаар дэлхийн түвшний боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.
Засгийн газрын тэргүүн боловсролын бодлого, санхүүжилтийг тогтвортой хангаж, багш нараа тууштай дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Тэрбээр мөн багш нарыг ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэн хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулахын зэрэгцээ сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхэд илүү анхаарахыг хүссэн байна.