Хоёр настай хүүхдийн амь насыг хохироосон хэрэгт шүүх шийдвэр гаргажээ
“Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, дагавар хүүгийнхээ амь насыг хохироосон этгээдэд шүүхээс 22 жилийн хорих ял оноосон байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага 2025 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тухайн үед мэдээлж байжээ.
Хойд эцэг нь хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдсон байна
Эх сурвалжийн мэдээлснээр, уг хэрэг хоёрдугаар сарын 8-нд болсон гэх бөгөөд хоёр настай хүүхдийг хойд эцэг нь хөнөөсөн байж магадгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөн талийгаач хүүгийн ээжийг “асран хамгаалах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байжээ.
Анх өөрийгөө халдлагад өртсөн гэж мэдүүлжээ
Талийгаачийн хойд эцэг эхэндээ өөрийгөө бусдын халдлагад өртсөн гэж мэдүүлсэн байна. Гэвч хэргийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад өөр нөхцөл байдал илэрчээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 26 настай залуу дагавар хүүхдээ “Машин бохирдууллаа” хэмээн уурлаж, амь насыг нь бүрэлгээд, цогцсыг нуусан байсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Улмаар шүүхээс уг хэрэгт холбогдсон этгээдэд 22 жилийн хорих ял оноожээ.