23.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Хөхний хорт хавдар залуужиж байна: Эмэгтэй хүн бүр жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсад хөхний хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц өсөж, эмэгтэйчүүдийн дунд нийтлэг тохиолдож буй аюулт өвчний нэг болоод байна. Уламжлалт ойлголтоос ялгаатай нь, уг өвчнөөр зөвхөн нас тогтсон эмэгтэйчүүд бус, өсвөр насныхан ч өртөх эрсдэлтэй болжээ. Үүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмч М.Түвшинбаяр онцлон анхааруулж байна.

Хөхний өвчлөл залуу насанд ч тохиолдож байна

Хөхний өвчлөл гэдэг нь зөвхөн хорт хавдраар хязгаарлагдахгүй бөгөөд үрэвсэл, хоргүй хавдар зэрэг олон төрлийн эмгэг багтдаг. Гэвч хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн амь насанд хамгийн ноцтой заналхийлэл болж буй. Монгол Улсад жил бүр дунджаар 300–350 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт гэдгийг эмч тайлбарлажээ.

Эрт илрүүлэг эмчилгээний амжилтыг нэмэгдүүлдэг. “Хөхний хортой хавдар эхний шатандаа оношлогдвол бүрэн эдгэрэх боломж илүү байдаг. Харин хожуу шатандаа илэрвэл эмчилгээний үр дүн багасаж, амьд үлдэх магадлал эрс буурдаг” хэмээн М.Түвшинбаяр эмч онцолсон юм.

Хөхөө хэрхэн зөв шалгах вэ?

Хөхөө өөрөө шалгах нь урьдчилан сэргийлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга. Гэсэн ч олон эмэгтэй буруу арга барилаар хөхөө шалгаж, оношлогооны алдаа гаргах эрсдэлтэй байдаг. Эмчийн зөвлөж буйгаар, хоёр эсвэл гурван хуруугаараа хөхийг цээжний хананд зөөлөн дарж тэмтрэх нь зөв арга бөгөөд хэлбэр дүрсийн өөрчлөлт, хатуувтар үүсгэвэр, шингэн ялгаралт зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах ёстой.

Урьдчилан сэргийлэх үзлэг — амь нас хамгаалах эхний алхам

Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа нь сайн мэдээ боловч хангалтгүй хэвээр байна. Дэлхийн олон улс оронд 40–45 наснаас эхлэн хөхний үзлэгийг жил бүр хийлгэхийг зөвлөдөг бол Монголд ч мөн адил хэвшил болгож хэвших шаардлагатай. Эмчийн хэлснээр, сүүлийн жилүүдэд залуу охидод хүртэл хөхний хоргүй хавдар илэрч байгаа тул нас харгалзалгүйгээр үзлэгт хамрагдах нь зүйтэй.

“Эмэгтэй хүн бүр өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлана гэдэг нь өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх тухай асуудал юм” хэмээн М.Түвшинбаяр эмч хэллээ.

Гоо сайхны хагалгаа — эрүүл мэндийн хяналттай хамт явах ёстой

Сүүлийн үед хөхний гоо сайхны хагалгаа нэмэгдэж буйг эмч зөвшөөрч буй ч, имплант хийлгэсэн эмэгтэйчүүд илүү хянуур байх шаардлагатайг онцолжээ. Имплант нь хүний биед байгалийн бус эд тул жил бүр үзлэг хийлгэж, хөхний эдэд өөрчлөлт орсон эсэхийг шалгуулах нь зайлшгүй юм. Зарим судалгаагаар имплант нь хөхний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй тул имплантыг тодорхой хугацааны дараа авах, байнгын хяналтанд байх нь хамгийн зөв арга гэдгийг зөвлөж байна.

Уламжлалт бус аргаас татгалзаарай

Эмнэлгийн тусламж авахын оронд лам бөө, уламжлалт эмчилгээ хайж цаг алдах нь хожуу шатны оношлогоо, улмаар эмчилгээний үр дүнг бууруулдаг гол шалтгаануудын нэг. Мэргэжлийн эмчид цаг тухайд нь хандах нь зөвхөн нэг удаагийн үзлэг бус амь насыг хамгаалж чадна гэдгийг эмч онцлон хэлэв.

Эцэст нь…

Хөхний өвчлөл, тэр дундаа хортой хавдар нь нас, амьдралын хэв маяг үл харгалзан хэн бүхэнд тохиолдож болох эрсдэлтэй өвчин юм. Гэвч эрт илрүүлж, амьдралын зөв хэвшилтэй байж чадвал энэ эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Эмэгтэй хүн бүр жил бүрийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандах нь хамгийн чухал алхам гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here