Хоншю, Хоккайдогийн хооронд 40 км сэлжээ
Америкийн тэсвэр хатуужлын тамирчин мягмар гарагт Японы хамгийн том хоёр арал болох Хоншю болон Хоккайдогийн хоорондох 40 км зайг сэлж туулснаар дэлхийн хамгийн хүндэд тооцогддог долоон хоолойг гаталсан онцгой амжилтын эзэн болсон талаар түүнийг дэмжигч баг мэдээлжээ.
Роб Леа “Double Seven” сорилтыг биелүүлсэн анхны хүн болов
45 настай Роб Леа Японы гол арал Хоншюг хойд бүсийн Хоккайдо арлаас заагладаг Цүгарү хоолойг 11 цаг 43 минут 35 секундийн хугацаанд сэлж туулсан байна. Ийнхүү тэрбээр дэлхийн долоон тивийн хамгийн алдартай долоон хоолойг сэлж гатлахын зэрэгцээ долоон оргилд авирах “Double Seven” сорилтыг бүрэн гүйцэтгэсэн дэлхийн анхны хүн болжээ.
“Далайн долоо” ба “Долоон оргил”-ын сорилт
“Далайн долоо” хэмээх сорилтод Газрын Дундад тэнгисийг Атлантын далайтай холбодог Гибралтарын хоолой багтдаг бол “Долоон оргил”-ын жагсаалтад дэлхийн ноён оргил Эверест ордог аж.
Леа мягмар гаргийн өглөө Хоншю арлын хойд захад байрлах Аомори мужийн Накадомари суурингаас усанд орж, сэлэлтээ эхлүүлсэн байна. Тэрбээр бараг хагас өдрийн дараа Хоккайдо арлын Фүкүшима суурингийн эрэгт хүрчээ.
Цүгарү хоолой хамгийн хүнд сувгуудын нэгт тооцогддог
Цүгарү хоолойн усанд сэлэлтийн холбооны гишүүн Юка Итогийн хэлснээр, тус хоолой нь хүчтэй урсгалаараа онцлог бөгөөд сэлж туулахад хамгийн хүндрэлтэй сувгуудын нэг юм.